Нүцгэний даваагаар давах ёстой боловч дагуулж явсан дүү маань сайн мэдэхгүй төөрч орхилоо. Азаар айл ойрхон таарсан тул буцаж асуугаад давсан юм. Биднийг тосох хүн болох Батжаргал ах болон хар багаасаа “япон” гэх хоч авсан Отгонбаяр нар даваан дээрээс гэрлээр дохин мэдэгдлээ.
Харанхуй шөнийн талд зам мэдэхгүй хүн бол явалтгүй их өвстэй ажээ. Нар эрт шингээд, цагаан гэгээ тасрахтай зэрэгцэн даваагаа даваад авлаа.
Давааны доор нэг их сүрхий шавар байгааг л давчихвал боллоо гэж Батжа ах анхааруулаад, урд гаран явлаа. Бид араас нь зөөлөн явсаар нэг их өндөр дэрсэн дундуур явж орохтой зэрэгцэн ах гараараа дохиж орж болохгүйг анхааруулна. Гэтэл бид хэлснийг нь сонсолгүй дэргэд нь шахам очоод зогссон нь яг шавар дээр байж таарав.
Ингээд машин маань яг элгээрээ хэвтэх нь тэр. Өвс гэж найгүй тул өөр зам сонгох ч боломж байгаагүй юм. Ингээд “япон” гэх ахыг өнөөх дүүтэй цуг трактор авч ирүүлэхээр явуулаад, бид хүлээх болов.

Харин энэ зуурт удаан уулзаагүй ах дүүсийн яриа өрнөсөн бөгөөд нутаг усны сонин хачныг ярилцав. Намрын сэрүүн салхи жиндүүлэх агаад цээж дүүртэл сэнгэнэх агаарын тунгалаг гэж гайхамшигтай.
Дээр дурдсан “япон” гэх нэрийн тухай цухас дурдахад, уг нэр нь Отгонбаяр. Нутаг усныхандаа ажил төрөл, ан гөрөөнд сайн гэдгээрээ нэртэй нэгэн. Идэр залуухан тэрбээр биднийг зорин очих бүрд найрсгаар угтан авч замчилдаг юм.
Онон, Балж голын загас жараахайг хаана өвөлжиж, намарждагийг харин ч нэг сайн мэднэ. Атал гэм хоргүй цагаахан инээмсэглэлтэй түүнийг хүүхэд хөгшидгүй “япон”, “жапан” гэж хочилно.
Аавтайгаа хамт амьдардаг түүнийг бага ангид байхад нь Япон улсын тусламжийн байгууллагаас нэг цүнх, хичээлийн хэрэглэл бэлэглэж л дээ. Түүнийгээ ч олон жил үүрсэн гэдэг. Тэр үед л нөгөө ангийнх нь хүүхэд “япон” гэх хоч өгсөн гэдэг.
Өөрөө ч цааргалж дургүйцэхээ больжээ. Очих айл хүн бүл цөөн тул ийнхүү “япон” тэргүүтэй хэд гурван хүн ирж, хүч нэмсэн гэнэ. Энэ жил хадланд оройтож гарсан тул бороогүй хэдэн өдөрт амжуулаад авах санаатай байгаа гэнэ. Ингээд нэг их удалгүй пад пад дуугарсаар япон ах трактортой ирж биднийг шавраас гаргалаа.
Хүчтэй ч гэж жигтэй, цоо шинэ “ногоон эд”. Хуучин трактор нь 30 гаруй жил энэ айлын ажилд зүтгэсэн ба саяхнаас хүчийг нь сэлбэж, шинэ трактор авсан нь энэ аж. Угаас хөдөө айлын ажил барагдах биш техникийн хүч шиг хэрэгтэй зүйл үгүй. Шавраас гарсан бид цааш давхисаар очих газартаа хүрлээ. Хадлангаас буусан ах нар амрахаар зэхэж, бидний хоолыг мөн бэлдсэн байлаа.
Төмстэйн хөндий өвс ногоо элбэгтэйг ч хэлэх үү өвөлжөөнийхөө эргэн тойрон хадахад л бараг болчихдог гэнэ. Өвөлжөөний жижиг байшинд гурван ах биднийг угтав. Бидэнд зориулан хийсэн гурилтай шөл нэгэнтээ зөөгдсөн тул дахин халаалаа.
Хөдөө ахуй ч ийм л байдаг даа. Үүдэнд хэд гурван аккумлятор болон бусад багаж харагдана. Төмөр орны цаад хөндийд шуудайтай боорцог болоод, хүнсний бүтээгдэхүүнүүд цухуйна. Хуучин төмөр зуухны хүхээг дээр данхтай цай мөн халаажээ.
Бид ч сайхан хооллож аваад, газраар зулан ор заслаа. Амрахын өмнө гарвал шинэхэн хадсан өвсний үнэр ханхийнэ. Тал саран тэнгэрийн зүүнтээ аниргүйхэн хөөрч, түмэн өнгийн одод түгжээ. Хэмжээндээ тултал амьсгалаад л баймаар тунгалаг салхи.
Дээш харвал сүүн зам тодоос тод бөгөөд орчлон ертөнцийн өмнө бид өчүүхэн гэдгээ мэдрэх шиг болно. Түнэр харанхуй нөмөрсөн энэ хангайн салхин дор зогсохдоо нэгэн найрагчийн шүлгийг амандаа уншлаа. 
“ХЭНТИЙ-Д ЗОРИУЛАВ” С.Батзориг
“Үүлгүйхэн тэнгээр ээ” гээд л буряад ах нар дуулалдана
Үнэхээр тийм сайхан бүсгүй юм уу? ийм сайхан сэтгэл юм уу?
Үргэлжид баяр жаргалтай явах нь зовлон гэдгийг ойлгуулах
Өндөрхааны салхи хүйтэн юм уу? дулаан юм уу?
Гутал бүхэн тоостой, сэтгэл бүхэн гэрэлтэй нутагт
Гунигийн дуу аялаад л салхи уруудан алхана гэдэг…
Бага хөвгүүд салхи татуулан өнгөрөхөд шинэ ногооны үнэр сэнгэнэнэ
Баруун зүгээс нутгийн салхи ирэвч гэрээ үл санана.
Хэзээд гэр орон минь байсан юм шиг дотно санагдавч
Хэн ч намайг танихгүй, хэнийг ч би бас танихгүй хоосон хөндий оргино.
Онон, Хэрлэн, Туулын усыг уулзуулбал буян болдог гэж
Оргилуун үгсийг халамцуу багш нар хэлэлцэхэд нь
Гурван сайхан гүнж уулзан зогсоо юм шиг санагдсандаа л
Гурван хундага өгснийг нь гуйлгалгүй уусан.
Бор царайнд хар нүд хачин гоё харагдаад л
Эгчмэд бүсгүй ил, далдхан инээмсэглэх нь нойрыг авч одно.
Богинохон шөнө, урт өдөр гэдэг яасан шаналантай вэ?
Бороо орох цаг болоогүй нь яасан шаналантай вэ?
“Үүлгүйхэн тэнгээр ээ” гээд л буряад ах нар дуулалдана.
Үүлгүй тэнгэрээс л жинхэнэ бороо ордгийг тэнд л мэдрээд
Гэгээрэл миний дотор бий гэж бодохоор
Гэр орон минь бурхны сүм мэт санагдсан.
Гурван сар, гурван долоо хоног, бүх амьдрал шиг
Гуниг уйтгар аз жаргалаас үүдсэн шиг
Гутал бүхэн тоостой сэтгэл бүхэн гэрэлтэй ийм нутагт
Гунигийн дуу аялаад л салхи сөрөн алхана гэдэг…
Үнэхээр л энэ үүлгүй тэнгэрийн нутаг ажээ. Маргааш хүлээж буй их тансаг байгалийн үзэмжийг харахуйяа догдлоно доо гэж бодоод, ах нар дуулалдан байх байшингийн хаалгаар орлоо.
Үргэлжлэл бий…
А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу