Уул уурхайн үйл ажиллагаа малчдын эрүүл мэнд, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж буй талаарх тайлан судалгааг өнөөдөр (2023.04.10) “Форум-Ази, ХЭХТ”-өөс танилцууллаа.  Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдад уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж ургийн эндэгдэл, архаг үрэвсэлт өвчин, арьс харшлын өвчин зэрэг нь нэмэгдэх болжээ. Иргэдийн амьжиргааны түвшин , малын бэлчээр, ундны усанд хор хөнөөл учруулж, хүний эрхийг зөрчиж буй талаарх уг судалгааг сумын иргэдтэй уулзаж, санал гомдолд тулгуурлан гаргасан аж.

Судалгааны үр дүнд “Тухайн орон нутаг дахь уул уурхайн үйл ажиллагаа ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж, малчдын амьжиргаа болон хүрээлэн буй орчинд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж буйг энэхүү судалгаагаар баримтжуулсан юм. Бидний цуглуулсан мэдээллээр уул уурхайн нөлөөнд өртсөн иргэдийн эрүүл мэнд, амьжиргаанд тавих төрийн хараа хяналт хангалтгүйн дээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тэмцсэн иргэдийн дуу хоолойг системтэйгээр дарж буй нь илт байлаа” гэжээ.

Мөн ачаа тээврийн зам дагуух бүс нутгийн иргэд “тоос шороо ихтэй байгаа нь малын ноос ноолуурын гарцад муугаар нөлөөлж цаашлаад бэлчээрийн үр шимгүй байдал нь мах сүүний гарцад ч маш муугаар нөлөөлж байна. Амьжиргаа залгуулах орлогын эх үүсвэр буураад эхлэхээр хот хүрээ бараадах, үйлдвэрт ажиллах гэдэг хоёр сонголт л үлдэж байна” гэдгийг судалгааны үеэр онцолсон байна. Энэхүү судалгааны танилцуулгыг “Форум-Ази”-ийн ажилтан Прартана Жаганната хийсэн юм.

Тэгвэл энэхүү тайлан танилцуулах үеэр “Бадрах Энержикомпанийн байгаль орчин, орон нутгийн харилцаа хариуцсан  захирал н.Энхжаргал дараах тодруулгыг өгсөн юм.

-Аливаа салбар үүсэж хөгжөөд хөгжлийнхөө тодорхой түвшинд очих хүртэл сөрөг болон эерэг нөлөө их байдаг. Бид аль болох сөрөг нөлөөг бууруулж засаж залруулж ажиллахыг хичээдэг. Монгол улс энэ тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллааж байгаа гэж бодож байнга. Бид аль болох иргэдэд ил тод мэдээллээ өгөх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлийг баримталж ажилладаг. Хүний эрхийн асуудлаар өнөөдөр уулзалт зохион байгуулж, судалгааны дүн танилцуулж байна. Гэвч энэ судалгаа дутуу дулимаг санагдлаа. Яг судалгаанд хэдэн хүн хамрагдсан, нөлөөллийн бүсээ яаж тодорхойлсон, арга зүй нь ямар гэх зэрэг нь тодорхойгүй байлаа. Гэхдээ судалгааг бол хүндэтгэж байна, харин судалгаанаас гарах зөвлөмж тодорхой ойлгомжтой байх ёстой. Тухайн компани руу дайрч, довтолж буруу мэдээлэл түгээх биш, бодит үнэн зөв байдал байх ёстой гэж үзэж байна. 

Энэхүү судалгаанд ч мөн маш их дутуу дулимаг, буруу мэдээлэл байна. Зогсох хэмжээнд ирсэн, хортой нөлөөлөл үүсээд байсан бол бид хууль зөрчөөд ажиллаад байхгүй байсан. Өнөөдөр хүн, мал хордох байсан бол манай ажилчид хамгийн түрүүнд хордох байсан. Бид шар нунтаг бүхий  10.4 тонн уран гаргаад аюулгүй хадгалж байна. Савлагаанаас эхлээд үйлдвэрийн бүх шатанд ажиллаж байгаа ажилчдад сөрөг нөлөөлөл үүсээгүй байна. Мөн манайхыг ундны усыг бохирдуулсан юм шиг ярьдаг. Говийн усны чанарын асуудал энэ дээр яригддаг. Хэд хэдэн удаагийн ажлын хэсэг ажиллаад үйлдвэрийн ажиллагаанаас болоогүй гэдэг дүгнэлт гарсан байдаг юм. Энэ нь “байгаль, геологийн тогтцоороо говийн усны чанар ийм байна” гэдэг дүгнэлтүүд гарсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулахдаа иргэдтэй ярилцаагүй гэж тайланд орсон байна. Энэ бол ноцтой асуудал. Бид 2015-2016 онд анх эхэлж байхдаа тухайн бүсийн хоёр багын иргэдтэй уулзалт хийж байсан. Сүүлд ч мөн Аргалант баг дээр хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд тодотгол хийж байсан юм. Энэ бол худал мэдээлэл” гэлээ.

Мөн танилцуулгад оролцогчдын зүгээс малчдын хүний эрхийн асуудлыг хөндөж, малчдын амьжиргааны асуудлын талаар дуу хоолой болж байгаад сайшаалтай байгааг илэрхийлээд, харин судалгааны тоо баримт, цаашид хэрэгжүүлэх зөвлөмж, статистик тоон мэдээлэл хангалтгүй байгаа тухай тэмдэглэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу