“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан номын баярыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй юм.
Гурван өдөр үргэлжлэх номын баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон. Хавар, намрын номын баярыг дунджаар 240 гаруй мянган хүн үзэж сонирхдог гэсэн судалгаа бий. Энэ удаад ч мөн багагүй хөл хөдөлгөөнтэй болж өнгөрсөн билээ.
Өмнөх жилүүдийг бодвол номын баяр илүү өргөн дэгэр болдог болов. Анх номын өргөтгөсөн худалдаа ч юм шиг хэмээн шүүмжлүүлж байсан. Харин одоо зохиолч уншигчдын халуун яриа өрнүүлэх боломж, төрөл бүрийн хөнгөлөлт, аз завшаанууд угтдаг болж.
Мөн шинээр хэвлэгдэн гарсан номууд ч анхаарал татаж байлаа. Жишээлбэл,
  1. Зохиолч: Владимир Набоков “Харанхуйн дундах инээд”
  2. Зохиолч: Ч.Галсан “Эр хар сур”
  3. Зохиолч: Б.Жамбалдорж “Салхи нална”
  4. Зохиолч: Ч.Галсан “Хөх тэнгэр сонсож бай”
  5. Зохиолч: Ф.М.Достоевский “Ноомой”
  6. Зохиолч: Хироми Каваками “Токиогийн жигтэй агаар”
  7. Зохиолч: Лодонгийн Түдэв”Эс элгэн садан”
  8. Зохиолч: Г.Барсболд “Хүлцэнгүй арван дүр”
  9. Зохиолч: Иоко Тавада “Элчин”
  10. Зохиолч: И.Гэрэлчулуун “Улаан басган”
  11. Зохиолч: Д.Төмөрсүх “Тэнгис, бороо, тэгами”
  12. Зохиолч: О.Элбэгтөгс “Шазууртай уянгын шүлгүүд” гэх мэт.
Мөн та номын баярт зөвхөн ном л байдаг гэж бодуузай. Энд оюуны хөгжилд хувь нэмэр оруулах бүх төрлийн зүйлс бий. Пянз, сонсдог ном, оньсон тоглоомоос эхлээд бүр бүх зүйл.

Одоо харин энэ удаагийн номын баярын хамгийн онцлох асрыг танилцуулж байна. Энэ бол “Амьдрахуй” жүжгийн асар. Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романыг жүжиг болгон тавихаар Орфей театрын хамт олон ажиллаж буй. 
May be an image of 11 people and text
Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх уг жүжгийн найруулагчаар М.Батболд, продюсерээр Т.Ариунчимэг нар ажиллаж буй. Постдрамын жүжгийн цоо шинэ хэв маягийг хэдийнэ эх орондоо нутагшуулаад буй авьяаслаг найруулагч энэ удаад уран зохиолд шимтэгч бүхний эчнээ мэдэх “Амьдрахуй” романыг жүжиг болгох нь ээ. 
“Амьдрахуй”-гаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж, Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн байдаг. Нэгэнтээ зохиолыг дэлхий даяар мэдэж, киног нь хүртэл үзсэн байлаа ч энэ удаагийнх илүү сонирхол татаж байгаа нь сонирхолтой. 
Романыг жүжгийн зохиол болгон хувиргах ажлыг “Тагтаа” паблишингийн орчуулагч, зохиолч Мө.Батбаяр гардан авчээ. Мөн жүжгийн тайз заслыг О.Баярмагнай хийж буй. Жүжигчдийн багт Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Нармандах жүжигчин Д.Мөнхтөмөр,  жүжигчин Ө.Мөнгөнтулга, жүжигчин М.Мөнхбат, жүжигчин Ц. Төгсбилэгт нар багтаж байна.
May be an image of 4 people and text
Хүчирхэг бүрэлдэхүүнтэй энэхүү жүжгийг хүлээлт уншигч, сонирхогчдын дунд маш их болсон. Төв талбайд байрлах “Амьдрахуй” асрыг зорин очих иргэд ч сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлж байлаа.
Эндээс харахад, монголчууд уран зохиолд дуртай, бүр хайртай болжээ. Шимтэн уншаад зогсохгүй тус бүтээлийг төрөлжүүлж, өөр салбарт ч түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна. Энэ мэтчилэн олон сайхан зохиол бүтээлийн утга санааг нийгэмд дэлгэрүүлэн, утга зохиолын соён гэгээрүүлэх үүргийг сайтар хэрэгжүүлэх байгаа нь сайшаалтай.
May be a graphic of text

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу