Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол” гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголд өнөөдөр /2023.01.18/ 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Үүнд:

“Кью Эс Си” ХХК

“Хөтөл” ХХК

“Вояжер минерал ресурсес” ХХК

“Мондулаан трейд” ХХК

“Пи си вай” ХХК

“Хатант интернэшнл” ХХК

“Эрдэнэс Монгол” ХХК

“Эрдэнэс Тавантолгой” ХХК

Эрчим хүчний яам

“Строй-инвест” ХХК

“Цэцэнс майнинг” ХХК

“Скайлэнд энержи” ХХК багтсан. Сонсголын эхэнд Кью Эс Си компанийн асуудлыг хэлэлцлээ. 

Сонсголоор яг одоо Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна.

ШИНЖЭЭЧ: -Уул уурхайн металлургийн байгууламж байгуулах төслийн хүрээнд Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам, ачих буулгах терминал байгуулах ажилд 71.3 сая ам.доллар зарцуулна гэж заасан. Түүнээс өөр зүйлд зарцуулахыг хориглосон. 

Түүнээс гадна “Кью Эс Си” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь …0051 тот данснаас 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн гүйлгээгээр нийт 5 удаа гүйлгээ гарсан. Ямар ямар зүйлд зарцуулагдсан бэ гэхээр, нэгд, Худалдаа хөгжлийн банкин дахь байгууллагын дансанд “Зээлийн хүү төлж хаав” гэсэн утгаар 1.1 сая ам.долларыг, “Кью Эс Си” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь байгууллагын бизнесийн дансанд “зээл хүү төлж хаав” утгаар 3 сая ам.долларыг, мөн тус компанийн …7217 шугамын зээлийн дансанд “Хүү төлж хаав” утгаар 29.7 тэрбум ам.долларыг, Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийн дансанд 36.5 сая ам.долларыг тус тус шилжүүлсэн байна. 

Дээрх таван гүйлгээ буюу нийт гурван зээлийн төлбөрийг хаасан байна. Нэг нь Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн харилцах данс руу гүйлгээ хийгдсэн байна. Эдгээр зээл нь олголт хийгдсэн үеэсээ юунд зарцуулагдсан байна вэ гэдгийг цааш нь данс хөөж шалгасан. “Кью Эс Си” ХХК-ийн зээлүүдийг ерөнхийдөө 2010 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс ашиглаж эхэлсэн байна. Тухайн гурван зээлийг “Кью Эс Си” ХХК өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь …0051 тоот данснаас авсан байсан. Түүнээс байгууллагын 1.1 сая ам.долларын зээлийг “Кью Эс Си” ХХК 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 317 мянган ам.долларыг Улаанбаатар хотын банк дахь “Юнайтед энержи систем” ХХК-ийн дансанд гэрээний дагуу шилжүүлжээ. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-“Кью Эс Си” ХХК-д холбогдох маш олон хэрэг хянан шийдвэрлэгдэж, мөн хянан шийдвэрлэгдэхээр шалгагдаж байна. Зээл анхнаасаа ямар зорилготой, ямар үр дүнтэй болоод хэзээ төлөгдөж дууссан талаар асууя.

“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ШИЖИР: 

-“Кью Эс Си” ХХК Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг 2010 оноос Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжүүлж эхлэхээр хөрөнгө оруулагчаар ажиллаж эхэлсэн. 2014 оноос энэхүү төсөл маань концессын гэрээгээр үргэлжлэн хэрэгжсэн. 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу энэ төсөл дотроо хоёр үндсэн зорилготой. Нэг нь төмрийн хүдрийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн зорилго байдаг. Нөгөө зорилго нь эрдэс баялгаас ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Төмрийн хүдрийн орд газрууд, түүний дотроо стратегийн орд газарт тооцогддог Төмөртэйн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хийж хэрэгжүүлэх тухай концессын гэрээн дээр тусгагдсан. Энэ чиглэлээрх гурван төслийн нэг нь Хандгайт Төмөртэй төмөр замын төсөл. 2014 оноос гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад, санхүүжилтийг хийж эхэлсэн. 

Шинжээчийн мэдээлэлд дурдагдсанаар, энэ төслийн санхүүжилтэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкинд зээлийн хүсэлт тавьсан. Төслийн хүрээнд нийт 1 их наяд орчим төгрөгийн зээлийг авч ашигласан байдаг. Зээлийн санхүүжилт нэг дор хийгдсэн. Мөнгөн урсгалыг зөв удирдахын тулд өмнө байсан зээлүүдийг хааж, бүтцийг нь өөрчлөх хэлбэрээр мөнгөн урсгалын орон зайг бий болгоод явсан. Энэ нь банкин дээр эргээд санхүүжилт хийх орон зай нь бий болоод явчихдаг, төсөл амжилттай хэрэгжиж дууссан.  

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: 

-“Кью Эс Си” компанид өөрийн хөрөнгө байдаггүй байсан юм уу? Яахаараа төрийн өмч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр эзэмшиж буй болохоос биш, тус төрийн өмчийн компанийн эзэмшлийн 130 тоннын даацтай “Белаз”-аас эхлээд, Ховог барьцаалдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь Төмөртэйн орд газрын үйлдвэрийг нь, мөн бэлэн ухаад гаргасан баяжмалыг нь барьцаалаад 71 сая ам.доллар авдаг юм бэ. Энэ нь баримтаар гараад ирлээ. Энэ дээр та бүгдийг тайлбарыг сонсмоор байна. “Кью Эс Си” барьцаалах хөрөнгөгүй, цаасны компани байсан юм уу? Хөгжлийн банкнаас  асууя. Хэрвээ “Кью Эс Си” компани зээлээ төлж чадахгүй бол хариуцлагыг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр хариуцах зохицуулалттай байна уу? 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК:

-Төмрийн хүдэр дундаж агуулга нь 52 хувьтай, 116 тэрбум төгрөг барьцаалсан байдаг. Мөн төмрийн хүдрийн хуурай баяжмал буюу 58 хувиас дээш агуулгатай 29.5 тэрбум төгрөг гэж барьцаалсан байдаг. Нэг ёсондоо тухайн үед Төмөртэйн ордын төмрийн хүдрийн баяжмалыг барьцаалсан байдаг. Нийт 3.3 сая тонн төмрийн хүдэр, 500 мянган тоннтой тэнцэх хэмжээний хуурай баяжмал барьцаалсан байдаг. Мөн ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүдийг давхар барьцаалсан байдаг. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Ашиг сонирхол чинь харагдаад байна. Толгой эргүүлсэн юм яриад байх юм. Энийг чинь засуулах гэж, олон түмэнд мэдэгдүүлэх гэж л ярьж байгаа биз дээ, бид чинь. Буруу замаар будаа тээгээд, буруу мэдээлэл өгөөд байна. Төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрийн өмч баймаар юм. Түүнийг барьцаалж болох юм уу? Ийм зарчим байж болох уу? Цаашид яах вэ? 

Хөгжлийн банкны захирал асан Н.МӨНХБАТ:

-“Кью Эс Си” компанид зээл олгоход тухайн үед Засгийн газрын тогтол гарсан байсан. Ийм хөрөнгөөс, Хөгжлийн банкны эх үүсвэрээс зээл олго гэсэн Засгийн газрын тогтоол гараагүй. Концесстой холбоотой тогтоол гарсан. Тухайн үед Хөгжлийн банк Засгийн газраас тухайлсан эх үүсвэр заагаагүй боловч тухайн төслийг ямар нэг байдлаар баталсан Засгийн газрын тогтоолтой хоёр төслийг санхүүжүүлж ирсэн.

Эх үүсвэр заагаагүй учраас Чингис, Самуурай бонд юм уу Засгийн газрын ямар нэг баталгаатай бондоос санхүүжүүлэгдээгүй. “Кью Эс Си”-гээс гадна “Эрдэнэс Монгол”-д олгосон зээл үүнтэй адилаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөөр, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр, ТУЗ-ийн шийдвэр нь Засгийн газрын тогтоол, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслээд гарч байсан. Энэ шийдвэрийн дагуу олгож байсан зээл юм.  

Миний мэдэхийн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бус “Кью Эс Си” ХХК-ийн өөрийн хөрөнгийг нь барьцаанд авч байсан. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Сонсголоор хэн нэгний буруутай эсэхийг шүүн тогтоохгүй. Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан уу? 

“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ШИЖИР: 

-Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан. Тухайн үед мөнгөн урсгалыг удирдаж буй хэлбэр. Орон зайгаа ашиглаад шинээр зээл авч, төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Нэгэнт ажил хийгдээд, үйл ажиллагаа нь эхэлсэн учраас та бүхэн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх нь зохимжгүй байх гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Тухайн үед “Кью Эс Си” ХХК-д зээл олгоход хэн нэг албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд нөлөөлсөн үү? 

Хөгжлийн банкны захирал асан Н.МӨНХБАТ:

-Энэ зээл хуулийн дагуу олгогдсон. Улс төрийн ямар нэгэн нөлөө ороогүй. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-71.3 сая ам.долларын зээлийн тал нь буюу 36.5 сая ам.доллар нь Улаанбаатар хотын банкны ам.долларын харилцах данс руу зарцуулагдсан байна. Үүнийг та зориулалтын дагуу зарцуулагдсан гэж үзэж байна уу? 

“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ШИЖИР: -Би түрүүн хэлсэн, өмнө байсан зээлүүдээ хаасан. Түүний дараа хийгдсэн гүйлгээнүүд “Кью Эс Си” ХХК-д хамаагүй. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: -Таны зээлээ хаасан мөнгөн дүн тусдаа, 36.5 сая ам.доллар. Мөн 29.7 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банк дахь шугамын зээл хаасан гэсэн зориулалтаар зарцуулсан байна гэж шинээчийн дүгнэлт гараад байна. Үүнтэй санал нийлэх үү? 

“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ШИЖИР: -Тэрийг би эргэж харъя. Яагаад вэ гэвэл, зээлүүдийг шалгаж үзэхэд өмнөх үүссэн зээлүүдийг л хаасан мэдээлэл байгаа юм. Самбар дээр Хөгжлийн банкнаас зээл авахаас өмнөх гүйлгээнүүдийг харуулаад байх шиг байна. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: -Барьцаа хөрөнгийн тухайд тухайн үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн эзэмшилд байсан зарим хөрөнгүүд шүү дээ. Түүнээс “Кью Эс Си”-гийн хөрөнгө биш. Та концессын гэрээгээр эзэмшиж байсан, тэр компанийн эзэмшилд байсан хөрөнгөөс заримыг нь барьцаалсан байдаг. Энэ нь хууль зөрчиж байна уу, үгүй юү гэдгийг харах хэрэгтэй. Таны хэлсэн үнэн. Төмөр замын бүтээн байгуулалт цаг хугацаандаа, хурдан шуурхай, үнэхээр сайн болсон байна лээ.

Үндэсний компаниуд төмөр замаа барьж чадаж байгаагаа харуулсан сайн бүтээн байгуулалт болсон. Гэхдээ энэ бүтээн байгуулалт эцэстээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын зорилго буюу тус үйлдвэр дээр тулгуурласан металлургийн үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгах ёстой байсан. Гэтэл энэ хөгжлийг хурдасгаагүй. Та сая хэллээ, экспортыг хурдасгасан гэж. Энэ үнэн. Орд газруудын түүхий эдийг түүхийгээр нь борлуулах, үр шимийг нь концесс эзэмшигч хүртэхийг л хурдасгасан.