Монгол Улсад 4200 гаруй багшийн дутагдал үүсээд буй. Харин үүссэн асуудлыг шийдэх үүднээс мэдлэг, боловсролтой гэрээт багш ажиллуулах талаар Боловсролын сайд хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Харин энэ нь иргэдийн дунд багагүй талцал бий болгож буй.
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр (2024.09.16) багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад багшийн хомсдолыг нөхөх зорилготойгоор энэхүү шийдвэрийг гаргасан. Одоо 4200 гаруй багшийн дутагдалтай байна. Тэр тусмаа англи хэл, байгалийн ухаан, физик, хими, математикийн багш бараг байхгүй боллоо. Тиймээс эдгээр мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг төгссөн боловсон хүчнийг багшаар хувиран ажиллаач ээ гэж урьж байгаа юм.
Ганцхан Монголд ч болоод буй хомсдол биш. Бас өмнө нь огт байгаагүй шинэ зүйл ч биш. Чадвартай, дагнасан мэргэжлийн боловсон хүчнийг мэргэжлээр нь багшлуулах нь эцэг эхчүүдэд ч тустай.
Мөн багшийн дутагдлыг дотор нь харахад ур чадварын дутагдал бас их байна. Үнэхээр тухайн мэргэжлээр мэргэшсэн, ур чадвартай юм бол гэрээт багшаар ирээд заагаад өгөх хэрэгтэй байна. Ийм шаардлага үүсээд байна. Судалгаа хийдэг, монгол хэлээр, гадаад хэлээр эх сурвалжаа олоод хичээлдээ ашигладаг боловсон хүчин хэрэгтэй байна” хэмээн тайлбрлав.
Ийнхүү тайлбар хийсний дараа “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар асуулт асуун, бухимдлаа илэрхийлэн, түүн рүү өндөг шидсэн юм.
А.Отгонбаатар хэлэхдээ “Өөрийнхөө хувийн сургуульд эхлээд тэр 45 хоног бэлтгэгдсэн багш нараа ажиллуулаад үзээрэй. Эцэг эхчүүд чинь юу гэж хэлэх нь вэ. Багш дутагдал бол ул сууриндаа байгаа асуудал. Анхнаасаа багшийн цалин муу байснаас болж маш олон багш өөр салбарт орсон. Гэтэл та үүнийг Нийгмийн хамгааллын салбарын асуудал гэж яриад зогсож байх юм.
Улс орныг сүйрүүлнэ гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэдэг. 45 хоногт багш бэлдэнэ гэдэг чинь боловсролын салбарыг аварч байгаа хэрэг юм уу” хэмээн бухимдлаа илэрхийлээд, П.Наранбаярын нүүрэн тус газарт өндөг шидлээ.
А.Отгонбаатарыг өндөг шидэж танхайрсан болон хамт мэдээлэл хийж байсан албаны хүнтэй зодоон хийсэн тул Төрийн тусгай албаныхан хүчээр танхимаас гаргав. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу