Монгол Улсын боловсролын салбар гажуудсаны тод илрэл А.Отгонбаатарын “өндөг”-өөр ил болов. Тэрбээр боловсролын салбарт эрс шинэчлэлт хэрэгтэй болсныг шидсэн ганц өндгөөрөө илчиллээ. Үе үеийн Засгийн газрын “бэлгийн суудал” нь эрүүл мэнд болон боловсролын салбар байж ирсэн.  

Улс орон хөгжье гэвэл мэргэжилтэй боловсон хүчинтэй байх хэрэгтэй, чухал үүрэгтэй байх ёстой. Харамсалтай нь боловсролын салбарыг бэлгэнд өгч ирсний гайгаар мэргэжилтэй багш, боловсон хүчний хомсдол Монгол Улсад нүүрлээд удаж байна.

Өнөөдөр гэхэд есдүгээр сар дундаа орсон хэдий ч ерөнхий боловсролын сургуульд 4200 гаруй багш дутагдалтай байгаа тоон мэдээлэл бий. Тэр дундаа байгалийн ухаан, математик, гадаад хэлний салбарт бараг багшлах хүнгүй болох шахсан. Тиймээс үүнийг нөхөх ядсан арга нь гудамжинд яваа, дээд сургууль төгссөн хүмүүсийг 45 хоногийн курст суулган, багш болгох “П.Наранбаяр төлөвлөгөө” юм. Иргэд болон боловсролын салбарынхан үүнийг дэмжихээсээ илүү эсрэг байр суурь илэрхийлсээр байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр өнөөдөр (2024.09.16) мэргэжилтэн бэлтгэх талаар олон нийтэд мэдээлэл өгөх үеэр иргэн А.Отгонбаатар өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Тэрбээр “Сайд өөрийн хувийн сургуульдаа 45 хоногийн сургалтад суусан багшаар хичээл заалгаж турших хэрэгтэй. Үр дүнд нь эцэг эхчүүд тэдгээр багш нараар хүүхдээ хүмүүжүүлэхийг хүсэх эсэх нь ойлгомжтой болно” гэсэн юм.

Мөн А.Отгонбаатар “Багшийн хомсдол үүссэн шалтгаан нь олон жилийн турш бага цалинтай байсантай холбоотой. Маш олон багш өөр салбарт орсон. Ул сууриндаа байгаа асуудлаа шийдэж чадаагүй байж, өнгөн дээр тоог нь нөхнө гэдэг тэнэглэл” хэмээн бухимдлаа илэрхийлээд авсан. 

Үнэхээр л өнөөдрийг хүртэл багш нар зундаа Солонгос явж ажил хийдэг, ажлынхаа хажуугаар халтуур хийдэг л байсан. Багшийн цалингаар амьдрах нь дээс томж, найзыгаа аврах үлгэртэй адилхан тул ажиллах хүн өдөр ирэх тусам багассаар өнөөдрийн өндөгт тулаад байна.

Жил бүр л ярьдаг хэлдэг байсан асуудлыг орон нутгийн нэмэгдэл, урт хугацааны нэмэгдэл гэх нэрээр халхалж ирсэн ч чадварлаг боловсон хүчний асуудалд хайнга хандсан. Ингээд жил ирэх тусам асуудал томорсоор өнөөдөр багшгүй болох дээрээ тулж, гудамжнаас хүн хайж эхэлсэн юм.

Монгол Улсын боловсролын салбар “ёо ёо” болсныг А.Отгонбаатар ингэж хурцаар илэрхийлснээс биш уналтад ороод байгаа нь үнэн билээ. Тиймээс Засгийн газар боловсролын салбараа эргэн харах цаг болсон. Түүнийг өндөг шидсэний дараа П.Наранбаяр “ёо ёо” хэмээн шанаагаа тулж зогссон ч энэ бол түүний өвдөлт биш, боловсролын салбарын өвдөлт байсан юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу