“Бебинка” хэмээх хүчтэй хар салхи Хятадын санхүүгийн төв Шанхай хотын ойролцоо хүрчээ. Хятадын цаг уурын газраас мэдээлснээр, тус хар салхи орон нутгийн цагаар Даваа гаргийн 07:30 (GMT 23:30) цаг орчимд Шанхай хотын зүүн хэсэгт орших Линган Шинэ хотын эрэг орчмын бүсэд хүрсэн байна.

Хар салхины улмаас Шанхай хотын олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, хотын хоёр гол нисэх онгоцны буудлын бүх нислэгийг зогсоожээ. Хятадын төрийн хэвлэл “Бебинка хар салхи Шанхайд сүүлийн 75 жилд тохиолдсон хамгийн хүчтэй шуурга боллоо” гэж мэдээлсэн байна.

Шанхай хот Хятадын өмнөд зүг рүү чиглэсэн хүчтэй хар салхинд шууд нэрвэгдэх тохиолдол ховор байдаг аж. Хар салхины хурд 151 км/цаг (94 миль/цаг) хүрсэн бөгөөд эрх баригчид хамгийн өндөр буюу улаан түвшний сэрэмжлүүлэг гаргасан байна.

Галт тэрэгний үйлчилгээнүүдийг цуцалж, хурдны замуудыг хааж, Шанхай хотын 25 сая оршин суугчид шуурганаас сэрэмжилж, гэртээ байхыг зөвлөжээ. Хотын доторх замуудад 40 км/цаг (25 миль) хурдны хязгаарлалт тогтоосон байна.

Шанхайн үерийн хяналтын төвөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ням гаргийн орой 400 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлжээ. Хөх мөрний эхэнд орших Чонгмин дүүрэгт 9000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж хотын эрх баригчид мэдэгдсэн байна.

Мөн хотын үерийн хяналтын штабаас голдуу мод, сурталчилгааны самбар унасан зэрэг хар салхитай холбоотой ослын талаарх олон арван мэдээлэл хүлээн авсан талаар мэдээлжээ.

Шанхай дахь Шанхайн Дисней амралтын газар, Жиньжяны зугаа цэнгэлийн парк, Шанхайн зэрлэг амьтдын парк зэрэг амралтын газруудыг түр хааж, олон гатлага онгоцны хөдөлгөөнийг зогсоосон байна.

Үндэсний цаг уурын албанаас Хятадын өмнөд хэсэгт орших Хайнань арлыг энэ сард дайран өнгөрсөн “Яги” хар салхи дөрвөн хүний ​​аминд хүрч, 95 хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлжээ. Тус салхины улмаас мөн Зүүн өмнөд Азид хүчтэй үер болж, Вьетнам, Мьянмарт олон зуун хүн амиа алдсан байна.

Мөн “Бебинка” хар салхи Япон, Филиппиний төв болон өмнөд хэсгийг дайран өнгөрч, мод унасны улмаас зургаан хүн амиа алджээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Бебинка” баруун хойд зүг рүү нүүж, Жянсу, Жэжян, Аньхуй мужуудад аадар бороо, хүчтэй салхи нүүрлэх төлөвтэй байна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу