Үргэлжлэл
“ЯПОН” НЭРТИЙН ХАРЦ  
Балж голын эрэг дээр загасчилж буй халамцуу эрсийн дуу хөндийгөөр нэг цуурайтна. Хадлан тарианы цагт хаа сайгүй л налгар, шаргал харагдана гээч. Нэгэндээ архи хундагалаад “алив гялс авчхаад зогс” гэж шавдуулна. Нарийн сатуркны шунгинан одох чимээ болоод сэрүүн салхины давалгаанд өдөржин суусны дараа бид хадлангийн майхандаа буцан очив.
Ах нар нэлээдгүй загас барьсан юм даг. Зэвэг, хадран, бух зэвэг гэх мэт. Согтуу хүмүүс хөл алдаад уначхаагүй нь яамай гэж би бодно. Харанхуй болсон хойно Тул барина гэж хулгана хүртэл шидсэн байгаа юм. Аз нь таараад өгөөшийг нь үмхсэн ч гаргаж чадаагүй юм. Ер нь ах нартай загасанд явахад Тул бол баттай л барьдаг.
Би ч эд нарыгаа дагаж гурав, дөрвөн жил загасанд явсан. Голын хөвөөнөө нутгийн зөөлөн салхийг сонсож, өөртэйгөө ярилцах шиг сайхан зүйл хаана байх билээ. Нэмээд жирэлзэн одох усны хөвөөг ширтэх нь нүдээ дотогш эргүүлээд тархиныхаа чигт харах шиг санагдуулдаг юм.
Өнөөдрийг хүртэл туулсан богинохон амьдралаа нэг сайн эргүүлж тойруулан бодох завшаан л юм даа. Үүнийг минь ойлгох хүн ховор учраас элдэв хүний үгийг орхин ах нартай л хамт явдаг юм.  
Бидний очсон газарт “Япон” гэх залуу бий. Уг нэр нь Отгонбаяр. Харин хэзээ ч юм түүнд Япон гэх хочийг хэн ч юм өгсөн гэдэг. Тодорхой мэдэж байгаа нь гэвэл гуравдугаар ангид байхад нь японы тусламжийн байгууллагаас цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн юм билээ. Харин түүнийг нь хэн шогож япон гэж дуудсаныг өөрөө ч мэдэхгүй.
Метр жар орчим өндөртэй,хүрэн бор царайн дээрээ хачин инээдтэй гурвалжин хөмсөгтэй. Шанаа түүш нь сайхан дөрвөлжин атал хэл яриа нь шулга ч гэмээр санагдана. Хүүхэд хөгшидгүй түүгээр тоглоом наргиа хийж өнөөг хүрсэн. Шөнө ирээд барьсан загасаа шарж идэх болоход хүртэл “Япон хүн загас жараахайг илүү сайн шарна. Монгол хүнээс наадах чинь өөр шүү” гэцгээж чанга чанга инээлдэнэ. Отгоо ах ч өөрөө наргиаг нь хүлээн аваад хөхөрч гарна. Олон жил төчнөөн тохуурхлыг үүрч яваа гэхэд нэг ч удаа гомдоллож уцаарлаж байгаагүй.
Харин тэр нэг жил нутгийнхаа нэг залуутай нэлээд муудаж хутга мэсэндээ тулсан юм гэнэ лээ. Ухваас хадлангаас л болсон юм билээ. Өргөн уудам нутагтай энэ хөндийн хаанаас ч хадсан хангалттай өвч гардаг. Гэтэл тэр жил япон ах өвөлжөөгөө тойруулж хаддаг байснаа жаахан хойшлуулаад хадаж, гэтэл миний хадах гэж байсан талбайг хадчихлаа ухааны юм ярьж цухалдаж гарчээ. Дээр нь согтуу байсан болохоор ч тэр үү үг хэлээ нэг л ололцож өгөлгүй маргалдахдаа “хөгийн муу японд хаяагаа хадруулна ч гэж байхгүй шүү. Ер нь чи зайлаарай манай монголоос. Япон нохой үхсэнээ шиншилж энд үлдсэн юм чи” гэж авчээ. Япон ах ч дүрсхийн уурлаж өнөөхийг барьж авч тонгороод үзэж тарсан гэдэг. Тэр үед л энэ нэрийг өгсөн муу хулгайчийг олбол буудчихмаар санагдсан даа гэж өөрөө хэлдэг юм. Маргалдааны маргааш нь өнөөх залуу эрүүлдээ ирж уучлал гуйсан гэдэг. 
Гар хийцийн төмөр зуухан дээр тогоо тавьж гал өрдөв. Япон ах тос хийж загас шарахад бэлдлээ. Зэвэг загасыг шарахаас өмнө яснаас нь салгаж бэлдэв. Хавирга болоод нурууны ясыг нэг бүрчлэн түүж цэвэрлээд сонгинотой хуурлаа. Тойрч суугаа ах нар монгол архи тойруулж, ээлжийн дагуу япон ахад хундагалангаа “Тээр, япон хүн цаанаасаа л өөр байгаам шүү. Загасыг хүртэл яснаас нь түвэггүй салгачхаж байна хөөе” гэнэ. Ах маасайтал инээж хундагатай архийг хөнтөрч орхиод инээсэн чигтээ загасаа шарна. “Амаа олохгүй идэхээ л мэд та нар” гэж өөртөө ч юм шиг зөөлөн хэлнэ. Давс, сонгиноор амталсан зэвэг загас салахын аргагүй амттай байсан сан.
Үүрээр нойр сэргэж майхны хаяагаар шагайвал Япон ах л ганцаараа тракторын ард тонтгонож харагдлаа. Өвсний чийг хатах зуур ах нар ч хэсэг унтдаг жамтай. Би дээл хувцсаа өмсөөд гар хөлийнх нь үзүүрт дэм болохоор гарлаа.   Төмстэйн хөндийн сэрүүн салхи цээж дүүргэж, моддын зүгээс ер бусын тансаг үнэр зочлон ирнэ. Тэртээ доор ганц нэг трактор дуугарах, өвөлжөөний хавьд адуу давхилдахаас өөр хөдөлгөөн чимээ энэ хавьд алга аа. Сэрүүхэн намрын өглөө амнаас уур гарна. Би гартаа нэг муу бээлий олж өмссөөр алхан очвол япон ах дан цамцтай сууж байлаа. Сонин хүн шүү. Хар багаасаа л хамаатны ахындаа ажил төрлийг нь амжуулж, хадлан тариаг нь бэлдэж өгсөөр ирсэн гэдэг.  
Аавтайгаа хоёулхнаа хоног өдрийг туулж ирсэн түүний амьдрал тийм ч хангалуун байгаагүй. Нутаг усныхаа айлуудын ажил төрлийг цөм амжуулж, хөгшдийн амар мэндийг эрдэг нэгэн аль ч нутагт байж л байдаг. Тийм л хүн. Балж голын загас жараахайг хаана зусдаг, өвөлждөг, намарждагийг, хойд уулынх нь гөрөөс хаагуур гарч хааш оддогийг ч алдахгүй мэднэ. Ерөөс биднийг энэ нутгийг зорин ирэхэд хамгийн түрүүнд тосож аваад замчилж, газар орон үзүүлдэг хүн бол Япон ах. Хамгийн найдвартай замчин, загасчин, анчин хүн дээ.
Ногоон тракторын дэргэд шорны иш бэлдэж суужээ. Сунайсан урт цагаан бургасны өө сэвийг харуулдаж гарт эвтэйхэн болгоно. Ахын мэндийг мэдээд дэргэд нь сууж тамхи асаалаа. Шартсан бололтой царай нь жаахан баргар байх аж. Шорны иш ээ хойш тавиад бид элдэв зүйл ярилцав.  
Харлаж эвэршсэн гараараа нүдээ зөөлөн нухаж нөгөө гараараа халаасаа ухна. Япон ахад энэ нэр хочийг өгсөн хүнийг өөрөө ч мэддэггүй юм билээ. “Нэр хочноосоо ичих санаа зовохоо ч одоо больж дээ. Бодох нь ээ намайг японоор дуудсан хүнийг л олмоор байдаг юм. Гэхдээ одоо ч өнгөрсөн байлгүй дээ” гээд чүдэнз ээ зурна. Нас 35-тай гэхэд нэлээдгүй үрчлээтэж дээ хөөрхий. Уг нь найз бүсгүйтэй болж байсан ч хоорондынх нь зай холдсоноор удалгүй харьцахаа болсон гэнэ. Угаас хөдөө нутагт хүн бүл шиг хэрэгтэй зүйл хаана байх вэ. Япон ахыг ийш тийш яваад хэд хоноход л эднийх ажлаа дийлэхгүй болох нь ойлгомжтой. Адаглаад энэ муу тракторынх нь учрыг олдог өөр хүнгүй.
Шүүдэрт норсон гутлынхаа хоншоорыг бээлийгээр арчаад “хоёулаа хойд уул гаръя. Хэдэн адуугаа дурандах хэрэг байна” гэлээ. Бид мотоцикл дээр сундалдан уулын бэл хүрээд дээш алхлаа. Холгүй яваад хадны нөмөрт сууцгаав. Үүлгүй цэнхэр тэнгэр үнэхээр тунгалаг юм. Нутаг усныхаа хишгийг хүртэж яваа хүн ардын сэтгэл ч үүн шиг тунгалаг билээ. Гэм нь одоо залуус ихэнх нь хичээл сургуульд яваад хүнгүй шахам л байх болж дээ. Япон ах ч бас хичээл сургууль бараадах санаа байсан л гэдэг. Гэвч амьжиргаа нь хүрээгүй юм гэнэ лээ.
Халааснаасаа нэг нүдний дуран гаргаад хөндийн доод үзүүр лүү дурандлаа. Би дэргэд нь суугаад модны зах, хадлангийн талбайг сониучирхана. Япон ахаас эхнэр хүүхэдтэй болох нь уу гэж асуувал. “Бодох нь ч бодож л байна. Энэ тэнүүгээр явж хүн хартай танилцахгүй болохоор надад ч хэн олдох вэ дээ. Уг нь нэг тусдаа гарч мал хуйтай болбол амар жимэр л болох байхдаа” гэж зөөлөн хэлнэ. Энгийндээ түүний хэл яриа тун даруу төлөв. Зөөлөн хоолойгоор ярих нь нэг л түшигтэй. Хал үзэж, халуун чулуу долоосон гэхэд нас нь арай залуудах хэдий ч ахуй амьдрал нь өнөөдрийг хүртэл лав амар байгаагүй.
Ах үргэлжлүүлэн, “эхнэр авах ч яах вэ. Авлаа гэхэд энэ нутгаасаа холдчих юм шиг бас санагдаг юм. Хар багаасаа л энэ хөдийн тарвага зурам, загас жараахайгаар хооллож ирсэн хүн чинь холдоод хаана очиж идээшнэ гэх вэ дээ. Тэр дэмий байх аа” гэлээ.   Халамцуу ах нар урьд шөнө “япон хүнийг шумуул хаздаггүй юм”гэж ярьсныг гэнэт санахул нутаг усандаа балчраасаа өсөж торнисон түүнийг энэ байгаль хангайн нэгээхэн хэсэг хэмээн сэтгэв би.
Дуран тавьсан зүгт би бас шагайж үзмээр санагдаж, удтал суусан түүний гараас дуранг нь авлаа. Хөндийн доод үзүүрт адуу нь байхаас гадна нэг айл байх юм. Залгаа шахам барьсан хоёр гэрийн хойд талд нэгэн бүсгүй тогоо шанага цэвэрлэж байлаа. Мань хүн адуугаа эрэхийн сацуу бас нүд баясгаж байсан ухаантай бололтой шүү. Дурангаа буулган япон ах руу маасайвал мэдэгдчихгүйг хичээж байгаа бололтой тамхи асаан өөр зүгт харна.
Та уулзаж ярилцаж үзээ юу гэвэл “гадарлачихсан уу. Яах вэ, багаас хоёр биеэ мэддэг л төдий. Уулзаж учирдаг болбол энэ хавийнхан бөөн цуурхал болно. Аягүйтвэл ах нар нь япон хүнд дүү охиноо өгөхгүй гэж тэнэглэцгээнэ биз” гэлээ. Бид уруудан алхацгаана. Сэрүүхэн салхи зөөлнөөр үлээхэд хэсэг суумаар боллоо. Хадан дээр сууж үлдээд ахыг араас нь хэсэг ажиглав. Явдал гишгэл нь ч зөөлөн гэж жигтэйхэн юм. Түүнийг хүүхэлдэйн кино юм уу, уран сайхны кино үзэх бүртээ уйлдгийг нь мэдэх юм байна. Бас нэлээд хуучирсан утастай чихэвчтэй. Хааяа гэрийн гадаа эсвэл хашаа хороон дээр түүнийгээ сонсож суудаг сан.
Угтаа япон ахын дотор хүний хайлан байдаг нь надад мэдрэгддэг юм. Манай ах нар ч бас эзгүйд нь хоорондоо ярилцдаг. Хэдий тоглоом шоглоом хийдэг ч гэлээ ёстой хүн юм шүү хөөрхий гэнэ. Хөгшдийн нүд цаанаасаа нэг ухаарал хэлж, сэтгэлд түшигтэй санагддаг даа. Түүн шиг япон ахыг харахад цаанаасаа л нэг дулаахан харагддаг юм. Чаддаг сан бол түүний хөргийг усан, тосон будгаар зурж үлдээх сэн.
Дууссан тамхиныхаа ишийг хүртэл няцалж унтраагаад халаасалж орхино. Хээр газар яасан ч хог хаяхгүй гэдэг хүн дээ. Түүнийг байхгүй орон зайг бодохул энэ нутаг усанд нэг л гунигтай байх болов уу гэж санагдана. Ерөөс хариад хоол цай идчихээд япон ахыг дагуулан урд айл руу ямар нэгэн ажил сэдэж зүглэмээр юм байна шүү. Ингэж шийдээд уруугаа шогшлоо. “Япон хүний шарсан загас ахиад идмээр байна шүү ах аа” гэж тоглоом хийгээд майхан зүгт давхилаа.  
Үүлгүй тэнгэрийн нутагт цэлмэг тэнгэр шигээ уужуу хүмүүс олон байдгийг мэдэрсэн тэр жил япон нэртийн нүднээс уугуул нутгаа хайрлах, хүн хүнээ хайрлах сэтгэлийг олж харсан гэж боддог доо.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу