БНХАУ-ын Жиньжөү хотноо “Монгол-Хятад-Оросын орон нутгийн эдийн засаг, худалдааны чуулга уулзалт” энэ сард зохион байгуулагдаж Олон Улсын тээвэр логистикийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, техник технологийн хөгжил, тээвэр логистикийн тулгамдаж буй асуудлын хүрээнд 3 орны төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж, Жинжөү боомтын үйл ажиллагаа болон Зүүн хойд Хятадын хуурай болон далайн тээврийн шинэ коридорын бүтээн байгуулалттай танилцлаа.
Чуулганы үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал хэлсэн үгэндээ:
“… Бүс ба зам санаачилгатай харилцан уялдуулж Шинэ сэргэлтийн бодлого боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-тай төмөр зам болон хатуу хучилттай 3400 орчим км авто замаар холбох төсөл хэрэгжиж байна. Монгол Улс “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг барьж, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замаар холбох ажлыг эхлүүлсэн. Шинээр дөрвөн төмөр замын боомтоор холбогдох, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Зүүн бүсийн төмөр замын коридорыг хөгжүүлэхэд гурван улс зайлшгүй хүчээ нэгтгэх шаардлага гарч байна.
Чуулга уулзалтын үеэр Ляонин мужийн удирдлагуудтай БНХАУ-ын Жиньжөү боомт нь Монгол Улсын хилийн боомтуудаас хамгийн ойрхон байрлаж байгаа бөгөөд эдийн засгийн энэхүү боомтыг Монгол Улсын зүүн босоо чиглэлийн төмөр зам болон авто замтай холбох, тээвэр худалдааг өргөжүүлж, эдийн засгийн үр өгөөмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон.