“Зүрхэн тэнгэрийн наран” Outlaw хамтлагийн 20 жилийн ойн тоглолт 9 дүгээр 20- нд Hit раrk-д болох гэж байна. Энэхүү тоглолт нь 62м метр урт тайз, 2100 ширхэг лед, “All in hit-1” тоглолтын Жак-ын хөгжим болон өөр компаниас нэмэлт сет авч ашиглаж буйгаараа давуу талтай. Түүнчлэн 2100 лед дэлгэцэн дээр гарах дүрс нь 4К-аар цацагдана.

“Зүрхэн тэнгэрийн наран” тоглолт нь дахин давтагдашгүй, гайхалтай гэнэтийн бэлгээр дүүрэн байж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн хамтдаа сайхан дурсамжаа сэргээж, хамтдаа дуулж, баясах энэ намрын хаалтын хамгийн том тоглолт байх болно. 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод урлагийн ертөнцөд тод өнгө нь болж, энэ цаг үеийг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй 20 артист хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн, гайхалтай үдшийг хамтдаа бүтээх юм. Тухайлбал, “Ice top”, “Guys”, “Нөлөө”, “MC Collection”, “Take off”, “Нэгэн зүгт”, “Гурван бүдүүн” зэрэг хамтлагууд ая дуугаа өргөх аж. 

Түүнчлэн тоглолтод Outlaw хамтлагийн 150 гаруй уран бүтээлээс шигшиж сонгосон 35 дуу дуулагдана. Үүнээс 10 дууг нь амьд хөгжимтэй дуулж буйгаараа онцлог юм. Мөн Outlaw хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “20Х20” аяныг зохион байгуулаад байна. Энэхүү аян нь хүүхэд багачуудыг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой. Тодруулбал, сургууль орчмын бүс, орон сууцны хороолол дундах зам, гэр хорооллын гудамжинд хурдаа 20 км/ц-т тохируулж, гарцан дээр 20 секунд хүлээж, хүүхэд багачуудыг гарцаар гаргахдаа хөтлөөд гаргадаг байх, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг уриалж байгаа юм.

Уг аяны хүрээнд Respect ticket-ийн борлуулалтын тодорхой хувийг нийслэлд осол аваар хамгийн их гарч буй 20 эмзэг цэг болох уулзваруудад гарцын тэмдэг тэмдэглэгээ хийх, анхааруулах самбар байршуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, хүүхдийг осолд өртсөний дараа бус урьдчилан сэргийлж, зам тээврийн ослоос хамгаалах ажилд бодит хувь нэмрээ оруулахад зориулна. Бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүдэр тусахаас сэргийлэх нь хүүхэд багачуудынхаа ирээдүйд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу