Ирэх гурван сарын хугацаанд том банкууд аж ахуйн нэгж (ААН)-ийн, дунд банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах, бусад зээлийн шалгуураа хэвээр хадгалах төлөвтэй байгаа бол жижиг банкууд зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байгаа ажээ.

Банкууд өнгөрсөн гурван сарын хугацаанд ААН, иргэдийн зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй бөгөөд ирэх гурван сарын хугацаанд ч зээлийн нөхцөлөө хэвээр хадгалах хүлээлттэй байна.

2024 оны II улирлын түүвэр судалгааны тайлангаас харахад, банкууд ирэх гурван сард иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах төлөвтэй байгаа ажээ.

Банкуудаас 2024 оны долдугаар сарын 1-нээс 9-ний өдрийн хооронд санал асуулга хэлбэрээр өнгөрсөн болон ирэх гурван сарын хугацааны зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулан нэгтгэж, тайлан боловсруулсан байна.

Банкны зээлийн төлөвийн судалгаанд нийт 12 банкийг хамруулсан бөгөөд тухайн банкны зээлийн үйл ажиллагаа хариуцсан шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнуудаас асуулга авчээ.

Том банкуудын зээлийн эрэлт өнгөрсөн гурван сарын хугацаанд бага зэрэг нэмэгджээ. Харин дунд болон жижиг банкуудын зээлийн эрэлтэд өөрчлөлт ороогүй байна. Ирэх гурван сард том банкуудын зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол дунд болон жижиг банкууд зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй гэж үзжээ.

Зээлийн нийлүүлэлтийн тухайд, ирэх гурван сард том банкууд ААН-ийн зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг, иргэдийн зээлийн нийлүүлэлтээ нэлээд нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Харин дунд болон жижиг банкууд зээлийн нийлүүлэлтээ хэвээр хадгалах хандлагатай байна.

Тайланд мэдээлснээр, өнгөрсөн гурван сарын хугацаанд том банкууд иргэдийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй бол ААН-ийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулжээ. Харин дунд болон жижиг банкууд зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна.

Ирэх улиралд банкууд ААН-ийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах төлөвтэй байгаа аж. Банкууд 2024 оны II улиралд ХАА, боловсруулах үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарт олгох зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулсан бол уул уурхай, барилгын салбарын зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна. 2024 оны III улиралд ХАА-н зээлийн шалгуурыг сулруулах, бусад салбарт хэвээр нь хадгалах төлөвтэй байна.

2024 оны II улиралд ААН-ийн зээлийн шалгуурыг сулруулахад эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал болон эх үүсвэрийн зардал буурсан нь гол нөлөөг үзүүлжээ.

Банкуудын иргэдийн зээлийн шалгуур 2020-2021 онд харьцангуй тогтвортой байжээ. Харин банкууд 2022 онд зээлийн шалгуураа чангаруулж, 2023 оны I улирлаас сулруулж эхэлсэн бол оны сүүлээр эргээд бага зэрэг чангаруулсан байна.

2024 оны II улиралд иргэдийн зээлийн шалгуурын индекс -0.07 гарсан бөгөөд банкууд зээлийн шалгуураа бага зэрэг сулруулжээ. Ирэх улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах төлөвтэй байна.

Банкууд 2024 оны II улиралд малчны, тэтгэврийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулж, бизнесийн, хэрэглээний зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан бол цалин, автомашины зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна.

Ирэх улиралд бизнесийн зээлийн шалгуурыг сулруулах, бусад төрлийн зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулах төлөвтэй байна.

2024 оны II улиралд иргэдийн зээлийн шалгуурыг сулруулахад нөлөөлсөн хүчин зүйлсийг авч үзвэл өрсөлдөөн нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Банкуудын ААН-ийн зээлийн нөхцөл 2018 оноос хойш харьцангуй тогтвортой байсан бол 2021 онд огцом суларч, чиглэлийн индексийн утга нь 5 улирлын турш сулрах мужид байжээ. Харин 2022 онд бага зэрэг чангарч, 2023 онд харьцангуй тогтвортой байсан бол 2024 он гарсаар бага зэрэг суларсан байна.

Банкууд ААН-ийн зээлийн нөхцөлөө сүүлийн 2 улирал дараалан сулруулсан бөгөөд ирэх улиралд зээлийн нөхцөлөө хэвээр хадгалах төлөвтэй байна Банкууд иргэдийн зээлийн нөхцөлөө 2021 оны I улирлаас эхлэн сулруулж байсан бол 2022 оны II улирлаас эхлэн чангаруулж, 2023 оны эхнээс бага зэрэг сулруулжээ.

2024 оны эхний 2 улиралд банкууд иргэдийн зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулсан бөгөөд 2024 оны III улиралд мөн адил бага зэрэг сулруулах төлөвтэй байна. Банкууд 2024 оны I улиралд малчны зээлээс бусад төрлийн зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулж байсан бол 2024 оны II улиралд хэрэглээ, малчин болон тэтгэврийн зээлийн нөхцөлийг бага зэрэг сулруулж, бизнесийн зээлийн нөхцөлийг бага зэрэг чангаруулсан бол цалин, автомашины зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүй байна.

2024 оны II улиралд банкууд иргэдэд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зэргээр зээлийн нөхцөлөө сулруулжээ.

2024 оны II улиралд цалин, тэтгэвэр, малчны зээлийн ЖДХүү өмнөх улирлаас төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь түүвэр судалгааны үр дүнтэй ерөнхийдөө нийцтэй байна.

Харин хэрэглээний зээлийн жигнэсэн дундаж хүү (ЖДХүү) 0.5 хувиар буурсан бол автомашиных 0.6 хувиар нэмэгджээ. Цалин, тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээлийн ЖДХугацаа 0.6-2.9 сараар буурсан бол түүвэр судалгаагаар бүх төрлийн зээлийн хугацаа хэвэндээ байсан гэж хариулжээ.

2024 оны II улиралд иргэдэд шинээр олгосон хэрэглээний болон автомашины зээлийн хэмжээ нэмэгдсэн нь түүвэр судалгааны үр дүнтэй нийцтэй гарсан байна. Харин цалин, тэтгэвэр, малчны зээлийн хувьд түүвэр судалгааны зээлийн хэмжээний индекстэй харьцуулахад эсрэг үр дүн гарчээ.

ААН-ийн зээлийн эрэлт 2020 оны I, II улирлыг эс тооцвол 2018 оноос өнөөг хүртэл өндөр хэвээр байна. 2024 оны II улиралд ААН-ийн зээлийн эрэлт нэлээд нэмэгдсэн нь өмнөх улирлын хүлээлтийн хандлагатай нийцтэй гарчээ. Ирэх улиралд ААН-ийн зээлийн эрэлт мөн өндөр хэвээр байх хэдий ч өмнөх улирлын хүлээлтийн утгаас бага зэрэг буурах төлөвтэй байна.

2024 оны III улиралд нийт салбаруудын зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа, худалдаа, үйлчилгээний салбарт зээлийн эрэлт нэлээд нэмэгдэх хүлээлттэй байна  2024 оны II улиралд иргэдийн зээлийн эрэлт бага нэмэгдсэн нь өмнөх улирлын хүлээлттэй нийцтэй гарсан бөгөөд ирэх улиралд мөн эрэлт бага зэрэг нэмэгдэх хүлээлттэй байна.

2024 оны III улиралд бүх төрлийн зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Ялангуяа бизнесийн зээлийн эрэлт нэлээд нэмэгдэх хүлээлттэй байна. 2024 оны II улиралд ААН-д нийт 7.01 их наяд төгрөгийн зээл шинээр олгосон нь өмнөх улирлаас 45.4 хувь, өмнөх оны мөн үеэс 52.5 хувиар өссөн үзүүлэлт байлаа. 2024 оны III улиралд банкууд ААН-д олгох зээлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Банкууд 2024 оны II улиралд иргэдэд 7.46 их наяд төгрөгийн зээл шинээр олгосон нь өмнөх улирлаас 30.5 хувиар өссөн үзүүлэлт болж, өмнөх улирлын хүлээлттэй нийцтэй гарчээ. Ирэх 2024 оны III улиралд банкууд иргэдэд олгох зээлийн нийлүүлэлтээ нэлээд нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу