Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр нэрлэгдээд байсан Франц гаралтай гэлэнмаа Систер Андре мягмар гарагт Тулон хотод 118 насандаа таалал төгсжээ. Хотын захирагч Хуберт Фалько түүний нас барсан тухай мэдээг “Twitter” хуудсаараа дамжуулан “Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Систер #Андре нас барсан тухай эмгэнэлтэй мэдээг та бүхэнд дуулгаж байна” гэж бичжээ.

Систер Андре буюу Люсил Рэндон нь 1904 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг шашны үйлсэд зориулжээ. Систер Андре католик шашны гэлэнмаа болохоосоо өмнө Дэлхийн II дайны үед хүүхдүүдийг асарч, дараа нь 28 жил эмнэлэгт өнчин хүүхдүүд, өндөр настнуудыг асарсан байна. Түүнчлэн Гиннесийн номонд бичигдсэн хамгийн өндөр настай гэлэнмаа юм.

Тэрээр амьдралынхаа туршид 18 Ерөнхийлөгчийн Засгийн газрыг үзсэн бөгөөд 2022 онд 118 нас хүрэхдээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроноос төрсөн өдрийн мэндчилгээ хүлээн авч байжээ. Түүнийг төрснөөс хойш Католик сүмийг 10 өөр пап тэргүүлсэн байна.

А.Номин эрдэнэ