Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж буй талаар мэдээллээ.

Эдгээр хэрэг дунд Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланд холбогдох авлигын хэрэг багтсан байна. 

Түүнийг 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
  • Булган аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх;
  • ГССҮТ-ийн удирдах албан тушаалтан “П” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх;
  • “Э” нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 70 сая төгрөгийн хахууль авсан гэх;
  • Хөвсгөл аймгийн …-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “М” нь хөрөнгө завшиж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албан тушаалтан “Э” нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Төв аймгийн Зуунмод сумын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг багтжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу