Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгын хамт Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.

Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хоорондын 2024-2026 оны хэлэлцээрийн дагуу хоёр байгууллага багш, ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх,тогтоол шийдвэр гаргахад хамтран ажилладаг.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Энэ зорилтоос гадна бусад боломжоор багшийн цалинг өсгөх тухай Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны саналыг Боловсролын яам дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Гэрээт багш ажиллуулах, багшлах эрх олгох журам нь багшийн хомсдолыг арилгахад чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл З.Цогтгэрэл, Б.Галбадрах нар дурдав.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу