Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан долоон дүүргийн 670 байршилд сайжруулсан шахмал түлшийг худалдаалж байна. Энэ нь утаа, агаарын бохирдол, угаартаж нас барсан иргэдийн тоо гэх мэт нийслэлчүүдийн толгойны өвчин хаяанд ирлээ гэсэн үг. Бид энэ удаад сайжруулсан түлшний талаарх иргэдийн байр суурь болон холбогдох албаны эх сурвалжаас мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Сансар, Дарь-Эхийн уулзвараас зуслангийн зүгтээ алхлаа. Хаа очиж хүйтний ам хаяанд ирчхээгүй байгаа тул нүүрс түлээ түрж яваа хүн цөөхөн харагдаж аж. Нэлээд хэдэн жилийн өмнө бол ТҮЦ болгон, айлын хашаа болгон бараг гаднаа нүүрс шуудайлж зардаг байлаа. харин одоо харах нь ээ нэгдсэн нэг загвар бий хаягтай шахмал түлш борлуулах цэгүүдтэй болжээ. Эмх цэгцтэй, цэвэрхэн харагдаж байгааг нуух юун.
Тавантолгой Түлш ХХК-ийн боловсруулан түгээдэг шахмал түлш нэг шуудай нь 3750 төгрөг. Нэг айлд картаар долоо хоногт долоон ширхгийг олгодог. Хуучны нэг шуудай нүүрсийг бодвол илт жижигхэн харагдах энэхүү түлшийг нийслэлчүүд зургаан жилийн турш хэрэглэж байна. Энэ хугацаанд нэлээн хэл ам таталж, угаартаж амь насаа алдсан иргэдийн тоо ч ихсээд авсан. Энэ талаар иргэдээс тодруулахад дараах хариултыг хэлсэн юм.

БЗД-ийн иргэн:

Их хийхээр шатааж алчих гээд, бага хийхээр уугиад ерөөсөө асдаггүй жаахан төвөгтэй байдаг юм. Хог шороо ч ихтэй, шуудай нь битүү биш нүхтэй юм билээ. Түүгээрээ хог нь асгараад гэрт бол оруулах юм биш. Долоон хоногт олгодог долоон шуудай нүүрс хүрдэггүй. Хүйтний улирал эхлээгүй байгаа тулдаа л болж байна. Бусдаар хүйтрээд эхлэхээр арай л гэж хүргэдэг дээ.

БЗД-ийн иргэн:

Саяхнаас худалдан авч эхэллээ. Нэг их өөр болсон юм мэдэгдээгүй. Өмнөх жилүүдтэй адилхан л байсан. Одоохондоо хог шорооны хувьд гайгүй л байна. Нийлүүлэлт нь дундуураа нэг хэсэг шороо, нунтаг нь ихсээд байдаг шиг санагддаг. Эхэндээ гайгүй, дундуураа нэг хэсэг нунтаг ихтэй, тэгээд сүүл рүүгээ гайгүй болдог. Долоон шуудай нүүрс бол яг л хоногтоо таардаг. Дүнгэн данган л таардаг гэсэн үг.

БЗД-ийн иргэн:

Одоогоор шахмал түлш хэрэглэж эхлээгүй байна. Анхны хоёр жил их сайхан байсан юм. Өнгөрсөн жилийнх бол маш их нунтаг хогтой байсан. Шуудай нүүрс авахад 10 хувь нь ямар ч байсан хог. Заримдаа ид өвлийн улиралд хог нь бүр ч ихэссэн санагддаг.

БЗД-ийн иргэн:

Сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлсэн. Өмнө жилүүдийнхээс ямар байхыг одоогоор  сайн мэдээгүй л байна. Энэ өвөл бас хэр байхыг таашгүй, түүнээс л хамаарч агаарын бохирдлын хэмжээ гарах байх даа. Нунтаг, хогны хувьд гайгүй л гэж ярьцгааж байна. Манай 10х5 хэмжээтэй байшинтай. Зарим хүйтэн өдөр гурван удаа галладаг. Долоон шуудай нүүрс хүрэхгүй шүү дээ. Дээр нь би тэтгэврийн хөгшин. Өвгөн бид хоёр  долоон хоног бүрд 7 шуудайг таксигаар гэртээ хүргүүлдэг. Тэр болгон машинд зөөврийн 7-8 мянган төгрөг төлнө. Ингээд бодохоор маш их хүндрэлтэй шүү дээ. Ядаж 14 ширхгийг хашаандаа буулгачихвал нөөцтэй, амар байх болов уу.

Энэ мэтчилэн иргэд сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн айл гэр бүрд байдаг уламжлалт төмөр зууханд нэг л зохицож өгөхгүй байгаа нь нууц биш. Галлагааны тухай сургалт, ухуулах хуудас нэлээдгүй тарааж иргэдэд сургалт хүртэл орсон байдаг. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шахмал түлшинд 3163 хүн угаартаж нас барсан тоон мэдээлэл байна. Гал түлж хоол хийхээ хэзээнээс хүнээр заалгадаггүй монголчууд шахмал түлшийг нэг л түлж чадахгүй байгаа мэт мэдээлэл ч явж байсан нь саяхан.
Тэгвэл Тавантолгой түлш ХХК-ийн технологич Д.Өлзийбатаас шахмал түлшний чанар стандарт болон нөөцийн талаар тодруулсан юм.
Д.Өлзийбат:  Шахмал түлшинд ордог орц найрлага огт өөрчлөгдөөгүй
 “Энэ жилийн хувьд есдүгээр сарын 30 хүртэл 100 мянган тонн шахмал түлш бэлтгэхээр ажиллаж байна. Одоогоор 93 мянган тонн шахмал түлшийг бэлтгэж борлуулах цэгүүдэд нийлүүлээд байна. Ингээд өвлийн тухайд хангалттай нөөцийг бүрдүүлнэ.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Тавантолгой түлш ХХК бол Энержи Ресурс Ухаа худгийн медлинг буюу завсрын бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Өнөөдөр ч мөн тухайн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа. Үндсэн түүхий эд маань огт өөрчлөгдөөгүй. Дагалдах түүхий эд болох барьцалдуулагч мөн өөрчлөгдөөгүй. Шахмал түлшинд ордог орц найрлага огт өөрчлөгдөөгүй гэсэн үг.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах, технологийн тал дээр дэвшилт гаргах тал дээр олон туршилт судалгааны ажлыг хийж хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд Нийгмийн эрүүл мэндийн төв, ШУ-ы академи, Их, дээд сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлын хэсэг гаргаад туршилт судалгааны ажлыг хийж байгаа. Энэ туршилт, шинжилгээний үр дүн ямар гарахаас хамаарч ирэх жилээс бүтээгдэхүүнийхээ чанарыг илүү сайжруулахаар ажиллаж байна”

Сайжруулсан шахмал түлш ийнхүү жилийн жилд хэл ам, сүр дуулиан дагуулсаар борлуулагддаг. Үйлдвэрлэл технологийн хувьд сайжруулалт, шинэчлэлтийг хийж байгаа гэх хэдий ч өвлийн ид хүйтэнд л тар нь танигдах биз ээ. Иргэдийн амьдрал, амьжиргаанд нэг л идээшиж өгөхгүй байгааг нуух юун.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу