Есдүгээр сарын 27-ноос бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болох “Nomadia Pictures”, “Oi Entertainment”-ийн хамтын бүтээл “Гурав дахь цохилт” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Т.Нямдоржтой ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би Дорнод аймагт төрж, өссөн. Манайх ам бүл зургуулаа. Би айлын бага хүү болон мэндэлсэн. Соёл урлагийн их сургуулийг сонгохоос өмнө Худалдаа үйлдвэрлэлийн лицей сургуульд суралцаж байсан. Энэ үедээ би жүжигчин болох ёстой юм байна гээд Дорнод аймагтаа буцаж очиж ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсэж байлаа.

Мэргэжлээ л зөв сонгохгүй бол ямар ч мэргэжил сонгосон бай нэг ангийн 20 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна.

-Хүний хувь тохиол тааварлахын аргагүй гэдэг. Танд тийм хувь тохиол бий юу?

-Байлгүй яах вэ. Амьдрал гайхамшигтай гэдэгт би өдөр бүр итгэж явдаг. Манай продакшн 2015 оноос хойш тогтмол уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод есөн жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 15 дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болоод байна. Анх биднийг кино хийнэ гэдэгт хэн ч итгээгүй, бид өөрсдөө ч төсөөлөөгүй л байсан.

-Удахгүй “Гурав дахь цохилт” хэмээх уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Киноны трейлерийг үзэхэд нэлээн хурц үйл явдалтай кино шиг санагдсан?

-Манай продакшн, найруулагчийн хувьд кино хийх бүрдээ шинэ зүйлийг эрэлхийлдэг. “Гурав дахь цохилт” УСК-г Хятадын уран бүтээлчидтэй хамтарч хийсэн. Кино зураг авалтын 90 гаруй хувь нь Хятадад хийгдсэн. Энэ удаад зураг авалтын төлөвлөгөөгөө маш сайн гаргаж ажилласан. Учир нь хүний нутагт ганц олдох боломжоо алдаж болохгүй. Эх орондоо бол учиртай.

-“OIэнтертайнмент хэд хэдэн улсад очиж кино зураг авалтаа хийсэн байх аа?

-Тийм. Турк, Вьетнам, Орос, Солонгос, Хятад зэрэг улсад очиж киноныхоо зургийг авч байсан.

-Хятадын уран бүтээлчидтэй хамтарсан кино тул тэнд киногоо нээх үү?

-Хятад социалист улс учраас жилд нэг удаа Ази тивд кино гаргах эрх өгдөг. Тэгэхээр Монголоос гадна хэчнээн улс байгаа билээ.

-“Гурав дахь цохилт” УСК-д ямар дүр бүтээсэн бэ?

-Цахим мөрийтэй тоглоомд хэт донтчихсон залуугийн дүрд тоглосон. Киноны хувьд мөрийтэй тоглоом тоглох нь амьдралыг сүйрүүлдэг, Монголд ч гэсэн ийм явдал маш их байгааг харуулсан. Гэр бүлийн хоёр хүн мөрийтэй тоглоом тоглож байгаад маш их хэмжээний өрөнд орж, сүүлдээ зочид буудалд орж амиа хорлосон явдал Монголд болсон байдаг.

Мөрийтэй тоглоом “харанга дэлдэж” байна. Таксинд явж байгаа жолооч тоглож л байдаг, дарга нар ч тоглоод сууж л байдаг. Үүний цаана амьдрал нь сүйрч байна.

-Анх тоглож байсан киноныхоо дүрийг одоогийнхонтой харьцуулаад харвал?

-9 жилийн өмнө хийж байсан “Хүсэл” киноны Төгөлдөрийн дүрээс одоо тоглосон киноны дүр туршлага, чадвараараа хамаагүй сайжирсан гэж бодож байна. Би хувьдаа тоглох гэж буй дүрээ сайтар судалдаг. Жишээлбэл, цагдаагийн дүрд тоглохдоо баривчилгаанд явж, байцаалтын өрөөнд орж байсан. Энэ удаа цахим мөрийтэй тоглоомчийн дүрийг бүтээхийн тулд Монголд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй мөрийтэй тоглоомын газар орж үзсэн. Халаасандаа 100 мянган төгрөгтэй орж тоглон, тэндэх орчин, байр байдал, хүмүүсийн нүүрний хувирал зэргийг сайтар ажигласан.

-Ямар ч дүр дээр ажилласан үргэлж анхаарч байдаг зүйл бий юу?

-Найруулагчийн өгсөн дүрд хамгийн сайнаараа тоглох юмсан, өмнөх дүрүүдтэйгээ адилхан байлгачихгүй юмсан гэж хамгийн их анхаардаг. Залуу жүжигчин учраас суралцаад л явж байна. Цаашдаа илүү сайжирна аа. 

-Т.Нямдорж гэдэг хүний зан төрх, үзэл бодолтой ижил дүрийг бүтээж байв уу?

-“Номер 1” киноны дүр миний зан чанартай дөхөм.

-Хүмүүс хуучны кинонууд их сайхан, орчин үеийн кинонуудыг үздэггүй, ойлгодоггүй гэж ярьдаг. Жүжигчин хүний хувьд та үүнийг юу гэж боддог вэ?

-Мэдээж хуучны сайн кинонууд байгаа. Тэр үед ч гэсэн маш олон кино хийгдэж байсан. Тэндээс шигшигдэж үлдсэн сайн кинонууд нь телевизээр гардаг учраас хуучны кино сайн гэж ярьдаг. Үүнтэй адил одоо ч сайнтай муутай кинонууд хийгдэж байгаа ч хүмүүс мууг нь түрүүлж хардаг болохоор массаар нь муу гэдэг.

Хүмүүс биднийг юу гэж ч хэлж болно, зүгээр л урдхаа мөрөөрөө сайн хийх нь манай продакшны хамгийн том зарчим юм. Зорилгоо тодорхойлчихсон байхад урвах, шарвах асуудал байхгүй, тэрийгээ л хардаг юм билээ.

-Кино зураг авалт Хятадад хийгдсэн болохоор зардал мөнгө их орсон байх. Хэчнээн сая доллароор кино бүтэв?

-Монголын зах зээлд өндөр төсөвтэй цөөхөн кино хийгдэж байгаа. Үүний нэг нь “Гурав дахь цохилт” УСК. Сайн зохиолч, сайн найруулагч, сайн баг бүрдүүлэхийн тулд үнэ дагаж чанар гэдэг шиг мөнгө маш их хэрэгтэй.

-Таны ойрын болон хэтийн зорилго?

-Ойрын зорилго гэвэл мэдээж “Гурав дахь цохилт” УСК-гоо амжилттай нээх. Хэтийн зорилго гэвэл гадаадын улс орнуудын зах зээлд киногоо хүргэх хүсэлтэй байгаа. Тиймээс үүнийг хайж, эрэлхийлж гадаадын уран бүтээлчидтэй хамтарч, тэнд зураг авалтаа хийж байна. Цаашдынхаа киног ч гэсэн гадаадын уран бүтээлчидтэй хамтран хийж, зах зээлээ тэлэх зорилготой.

-Ярилцсанд баярлалаа.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу