Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн босгон дээр “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын түүхэнд паралимпын алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтан анхны тамирчин болж, гарамгай амжилт үзүүлсэн Их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн багш, дэд хурандаа Энхбаярын Содномпилжээд “Хүндэт сонсогч” цол олгох ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр (2024.09.20) боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд, багш албан хаагчид, сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын түүхэнд тод мөрөө үлдээж, эх орон, төрөлх сургуулийнхаа суу алдрыг өндөрт өргөсөн бахархам гавьяаг нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн багш, дэд хурандаа Э.Содномпилжээд Их сургуулийн эрдмийн хамт олноос 10 сая төгрөгийн урамшуулал олгов.

Дэд хурандаа Э.Содномпилжээ нь 1985 онд Эрдэнэт хотод эгэл жирийн цэргийн албан хаагчийн гэр бүлд төрж, цэргийн амьдралд их ойр өсчээ.Тэрбээр 14 насандаа их спортод хөл тавьж, Нийслэлийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсөж, 2003 онд Эдийн засаг бизнесийн дээд сургуульд элсэн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна.

Мөн Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийг 2020 онд бакалавр, Удирдлагын академийг 2022 онд магистр зэрэгтэй төгсжээ.

Түүний амжилтын гараа 2001 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр эхэлж байсан түүхтэй. Тууштай хичээл зүтгэлийнхээ үр дүнд Ази төдийгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс удаа дараа медаль хүртэж, 2023 онд Гиннесийн номд бичигдсэн байдаг. Тэрбээр “Рио-2016” наадмаас хүрэл, “Токио-2020” наадмаас алт, “Парис-2024” наадмаас мөнгөн медаль хүртэж гурван олимп дараалан медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болсон билээ.

Их сургуулийнхаа түүхийн шаргал хуудсанд мөрөө үлдээж, нэрээ мөнхөлсөн төгсөгч, дэд хурандаа Э.Содномпилжээ танд төрөлх сургуулийнхаа түүхт ойгоор түүх бүтээж бэлэг барьсанд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан, спортын улам их амжилтыг хүсэн ерөөж, халуун баяр хүргэе.

Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу