Өглөө гэрээсээ гарахад тань хамгийн эхэнд ямар дүр зураг угтдаг вэ. Нийслэл хотын дүр зургийг төсөөлбөл, хамгийн эхэнд бас хамгийн элбэг нь автомашин байх болов уу. Тэр ч утгаараа хамгийн эхэнд байрны гадна зогсоолд өчүүхэн ч зайгүй болтлоо чигжсэн машинуудтай таардаг гэхэд нэг их хол зөрөхгүй.
Яг л эвлүүлдэг тоглоом шиг хоосон талбайг дүүргэж, түүний горд нь өглөө эрт ээ босоод зайчилж өгнө. Зогсоолд байгаа нь ч учиртай, хөдлөөд зохицуулж болно. Харин байрны булан эргээд л явган хүний зам дээр, замын нэгдүгээр эгнээнд гэх мэт дахиад л дүүрэн машин угтана. Нийтийн тээврээр зорчдог, ажилдаа алхаж явдаг иргэд ч үүнийх нь тээр, лайг бишгүй дээ л нэг мэдэж байгаа.
Замын хөдөлгөөний зөрчлийн талаар мэдээлэх зорилготой e-police  гар утасны аппликейшнд байршсан тоон мэдээллийг харахад, нийт 793 мянган зөрчлийн мэдээлэл бүртгэгдсэний 47 хувь буюу 376,962 нь бусдын хөдөлгөөнд саад учруулсан зөрчил байна.
Энэ нь монгол хүний сайхан гүндүүгүй зан бусдын эрх чөлөөнд халдсан зөрчил ил цагаандаа гарсныг илэрхийлнэ. Та өглөө бүр, өдөр бүр ийм дүр зурагтай таардаг шүү дээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд 250-300 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын өдрүүдэд энэ тоо 700 мянга гаруй болтлоо өсдөг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд автомашины 62,000 гаруй ил зогсоол байгаагаас нийтийн 31,000, худалдаа үйлчилгээний 7,700 орчим, хорооллын дотор 15,000 байдаг бол 7,000 гаруй нь хувийнх.Төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолыг цагийн 5000 төгрөгийн  төлбөртэй болгоно – Монгол туургатны цахим сайт
Зөвхөн хорооллын доторх 15 мянган зогсоол л гэхэд зай багтаамж нь хаанаа ч хүрэхгүй. Нэг л их автомашинтай ард иргэд нь угтаа зогсох ч газаргүй л гэсэн үг. 
Хотын төвөөр бол нэгдүгээр эгнээ, нийтийн тээврийн зогсоол, худалдааны төвийн орчимд түр байрлуулсан машиныг шууд л ачдаг болсон. Энэ нь ч нэлээн хэл ам татлаад амжсан. Гэвч үнэхээр л олон нийтийн хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг өөрөөр журамлах арга олдохгүй биз ээ. 
Байрны гаднах нарийхан замынх нь нэг эгнээг тэр чигт нь машин таглаад тавьчихсан, үлдсэн зайнд нь арай ядаж машинууд зөрж харагддаг. Угтаа бол тэдгээр машиныг ачилтын машин ачих эрхтэй юм. Учир нь Хороолол дундах зам буюу орон сууцуудын дундах зам нь улсын батлагдсан зам байдаг. Аль нэг байгууллагын эсхүл хувь иргэний өмч биш улсын зам. Тиймээс батлагдсан тухайн замын хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд ачих, чөлөөлөх арга хэмжээ авах нь зүй. Гэхдээ орон сууцны гадна талбайгаас машин ачвал бүр улаан хэрүүл болно. 
“Анхнаасаа зогсоол муутай, зай талбайгүй баригдсан энэ газарт өөрөөр яаж байрлуулах юм” гэх мэтээр ёстой л дэлдэж гарах биз.  Дэлхийн олон оронд автомашины зогсоол болон орон сууцны дундах зам, зогсоолын стандартууд нь хотын дэд бүтэц, хүн амын нягтрал, тээврийн хэрэгслийн хэрэглээ, хот төлөвлөлтийн бодлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Ингээд доор хэд хэдэн жишээг цухас дурдъя.
  • Герман: Орон сууцны дундах зам, зогсоолын хувьд Германд “автомашингүй” болон хязгаарлагдмал автомашинтай хорооллууд нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Автомашины зогсоолыг хотын гаднах, төвөөс зайдуу газар шийдэж, явган болон дугуйн замыг түлхүү хөгжүүлэхийг зорьдог байна.
  • Нидерланд: Автомашины зогсоолын хүртээмж маш бага байдаг. Тиймээс оршин суугчдад нийтийн тээвэр, дугуй унах, явган зорчих боломжийг сайжруулахад анхаардаг. Орон сууцны хорооллуудын доторх автомашины замыг хамгийн бага байлгах бодлого баримталдаг.
  • Япон: Японд автомашины зогсоолыг маш нарийн зохицуулдаг. Токиод жишээ нь, автомашин худалдаж авахын өмнө хувийн зогсоол болон ажлын байрныхаа гадна зогсоолын  талбайтай байхыг шаарддаг хуультай гэнэ. Зогсоолын боломж хязгаарлагдмал учир олон түвшний автомат зогсоолуудыг өргөн ашигладаг.
Энэ мэтчилэн манай улсад жишээ авах олон сайхан санаа, технологиуд байгаа. Харин яг одоогийн байдлаар орон сууц, зам хоёрыг л сайн нэмж байх шиг байна. Орон сууц барьж буй компанийг хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоолын сайтар хүртээмжтэйгээр шийдүүлэх гэж олон ч жил, олон удирдлага шаардаж байгаа. 
Гэхдээ л яагаад ч юм монгол хүний саруул ухаанд одоогийн байгаа нөхцөл байдал л амар хялбар санагдсан байх. Тэгээд л зогсох зогсоолгүй түм буман машин холхилдож, ачуулж, хаа сайгүй байрлуулж байгаа хэрэг шүү дээ. Иргэн бүр, дор бүрнээ хариуцсан дүүрэг хороондоо хандаж, дүүргийн болон иргэдийн төлөөлөгчидөд хандсанаар шийдүүлж болох л асуудал. Хачирхалтай л нэг нь хэлээгүй, нэг нь асуулгүй явсаар эцэстээ “чи юу хийсэн юм” гэдэг хэрүүлд хүрдэг ард түмэн билээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу