Залуучууд эх орон, нийслэл хотдоо амьдрахад тулгамдаж буй олон асуудлыг шүүмжилж, дийлэнх нь харийн орныг зорих хүсэл тээж яваа нь нууц биш. Магадгүй нийслэлийн өнөөгийн төрх болох түгжрэл, утаа, хог шороондоо дарагдсан байгаагийн нэг шалтгаан нь залуучууд улс төр сонирхдоггүй, оролцдоггүйтэй холбоотой ч байж болох юм. Улаанбаатар хотын унаган иргэн Б.Батжаргал бага насанд нь тулгамддаг байсан өнөө л асуудлууд одоо ч шийдэгдээгүйг бодож, хотоо өөрчлөхөд өөрөө гар бие оролцохоор шийджээ. 36 настай тэрбээр НИТХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшихээр болж, мандатаа авсан ч цагдаагийн байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн байна. Залуу хүн нэр дэвшихэд гарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар түүнтэй ярилцлаа. 

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт “ХҮН” намаас нэр дэвшиж байгаа юм байна. Яагаад нэр дэвшихээр болсон бэ?

-Аргагүйд хүрээд нэр дэвшиж байна. Би Улаанбаатар хот, тэр дундаа Баянгол дүүрэгт төрж, өссөн. Намайг хүүхэд байхад нийслэлд тулгамддаг байсан асуудлууд одоо ч шийдэгдээгүй, хэвээр байна. Жишээ нь, Утаа, түгжрэл бахь байдгаараа. Дугуйн зам алга. Тэр бүү алхаад явах явган хүний зам ч хэцүүхэн байна. Хүүхдээ гаргаад салхилуулах талбай байхгүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага. Олон жил ийм байдалтай явсаар ирлээ. Эдгээрийг шийдэхээр НИТХ-д сонгогдсон хүмүүс өнөөг хүртэл яг юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй. Тийм учраас би нийслэлээ хөгжүүлэх эцсийн арга нь өөрөө оролцох юм байна гэж бодсон. Ингээд ХҮН намаас нэр дэвшихээр мандатаа аваад байна.

-Сонгуулийн ажлаа хийгээд явж байхад нь цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар цахим хуудастаа бичлэг оруулсан байсан. Юу болсон юм бэ?

-Намаасаа нэр дэвших эрхээ авчихаад хандивын данс нээсэн юм. Мөнгөгүй, залуу хүний хувьд дэмжигч, найз нөхөд, эргэн тойрныхоо хүмүүсээс хандив цуглуулахаар хандивын дансныхаа талаар мэдээллийг цахим хуудастаа оруулсан. Гэтэл эрх баригчдын төлөөллүүд намайг цагдаад өгчихсөн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудаад, “Та хууль зөрчсөн байна. Нэр дэвшилтээс нэрийг тань татах үндэслэл бий болсон. Мэдүүлэг өгөөрэй” гээд дарамт учруулаад эхэлсэн.

-Ямар үйлдлийг нь хууль зөрчсөн гэж үзсэн бол. Та хандивын данстай холбоотойгоор бичлэг хийхдээ юун тухай ярьсан бэ?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 төлөөлөгчтэй байдаг. Энэ хүмүүсийг нийслэл хотын бүхий л асуудлыг шийд гээд иргэд төлөөллөө болгоод явуулж байгаа. НИТХ-ын төлөөлөгчид ямар ч цалин, урамшуулал авдаггүй. Шууд хэлэхэд, иргэдийнхээ төлөөлөл болоод сайн дураараа ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос НИТХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчийн зарцуулж болох зардлын дээд хэмжээг  863 сая төгрөг гэж гаргаж ирсэн. Ойролцоогоор тэрбум орчим төгрөг гэсэн үг. Иргэдийн төлөөлөл болохын тулд өөрөөсөө нэг тэрбум төгрөг гарган, сурталчилгаа хийж, тараах материал хэвлэж, “А” самбар байршуулсан хүн сонгогдоод цалин авахгүйгээр ажиллана гэж байх уу. Логикийн хувьд боломжгүй. Сонгуульд зарцуулсан мөнгөө буцааж олохын тулд эрх ашгийн тоглолтууд, цавчаа хийж, ёс бус шийдвэрүүд гаргаж эхэлнэ. Би энэ асуудлыг хөндөж, ярьсан юм.

Хүмүүсийг өөрсдийн халаасны мөнгөөр, эсвэл шударга бус байдлаар олсон мөнгөөр, ямар нэгэн байгууллагын мөнгөөр сонгуульд өрсөлдөж байгааг болиулаад, хандивын мөнгөөр өрсөлдөхийг уриалсан. Ер нь, сонгогчид дэмжиж байгаа хүндээ хандив өгөөд, тэр хүн нь өнөөх хандивын мөнгөөр сурталчилгаагаа хийж, сонгогддог процесс руу орох хэрэгтэй. Ийм асуудлыг хөндөж, ярьснаас болоод нэрээ татуулах хэмжээнд хүрээд, цагдаад дуудагдаад явж байна.

-Монголчуудын дунд нэр дэвшигчдэд хандив өгөх соёл хараахан суугаагүй байх шиг санагддаг. Иргэдээс их хэмжээний хандив босгох боломжтой гэж харж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд нэр дэвшсэн хүмүүс сонгуулийн зардлаа урьдчилаад босгочихсон байсан учраас иргэдээс хандив, тусламж авахаар хэмжээний идэвх, зүтгэлийг гаргадаггүй байсан. Харин одоо бол хүмүүст хандив өгөх боломж, сэтгэлгээ бий болчихсон. Хандиваар өрсөлдөөд, сонгогдсон хүмүүс шударга ажиллана. 

-Цагдаад шалгагдаж байгаа асуудал нь цаашид хэрхэх бол. Нэр дэвших боломжгүй болж магадгүй байх нь ээ…

-НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 19.6 тэрбум төгрөгөөр эрх ашгийн зөрчил гаргаад, шуудай шахчихсан. Яагаад энэ хүнд хэн ч хариуцлага тооцохгүй, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа юм. Гэтэл нийслэл хотынхоо асуудлуудыг шийдэхийн төлөө мөрийн хөтөлбөр боловсруулаад өрсөлдөх гээд явж байгаа хүнийг яагаад цагдаа дуудаад байгаа юм. Надад төрд нийлүүлсэн шахаа, төрөөс авсан тендер байхгүй. Бродюрын компани байхгүй. Энэ тэгээд эрх тэгш байдал юм уу.  Шууд л асуумаар байна.

Хоёрдугаарт, бүх нэр дэвшигчид цахим хуудастаа пост оруулж, хандив цуглуулж байна.  Гэтэл намайг онцгойлж, цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа нь тэгш бус эрхийг харуулж байгаа юм. Надад ямар нэгэн ар тал байхгүй болохоор нэрийг минь татуулах хэмжээнд оролдсон ч болно гэдэг өнцөг байна.

Бас “Нэг шударга “баагий” гарч ирчихээд ирэх дөрвөн жилд бидний төсвөөс идэж ууж, цавчих гээд байгааг ил тод хэлээд, шийдвэрийн маань эсрэг кноп дарах юм байна” гэж хараад одооноос болиулах гэж оролдож байна.

Би цагдаа, хуулийнхныг үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байгаа. Юу болохыг харъя.

-Залуучуудад хандаж хэлэх үг байна уу?

-Сонгууль дөхөхөөр айл бүрийн хаалгыг тогшоод бүх хуудсыг нь өнгөтөөр хэвлэчихсэн, зузаан материалуудыг олноор нь тараадаг. Ийм зузаан материал тарааж байгаа, хэдэн мянгаар нь ухуулагч аваад, байнга танд харагдаж ажиллаад байгаа, “А” самбарыг хөл гишгэх зайгүй болтол тавьж байгаа хүмүүсийг сонгохоос илүү хандиваар, бага зардлаар, өөрөө явж очоод, илүү энгийн байгаад, тантай уулзаж, ярилцаж байгаа залуучуудыг дэмжих нь зөв шүү.

Тараах материал, “А” самбар, олон тооны ухуулагч зэргийн ард маш их хэмжээний зардал гардаг. Их зарддал гаргасан хүмүүс гарч ирээд эрх ашгийн зөрчилгүй, цавчаа хулгайгүй ажиллах магадлал асар бага шүү. Харин эсрэгээрээ хандивын мөнгөөр ажиллаад,сайн дурынхнаар ухуулагчдаа бүрдүүлж байгаа залуучуудыг илүү дэмжээрэй. Тэд гарч ирээд худлаа ярихгүй, хулгай хийхгүй, тендер шахахгүй, хотоо өөрчлөхийг төлөө ажиллана шүү.

-Ярилцсанд баярлалаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу