“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ…” хэмээн Д.Нацагдорж найрагч тэртээ он жилүүдэд хүний нутгийг зорихдоо бичсэн нь түүхийн шаргал хуудсанд тэмдэглэн үлдсэн байдаг. Монголчууд дээрх шүлэгт дуртай. Тэр ч үүний адилаар их газраас эрдэм өвөртлөхөөр зорьсон. Тэр гэдэг маань Унгар улсын “University of Pecs” сургуульд Computer science engineering буюу Компьютерын шинжлэх ухааны инженерчлэл мэргэжлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутан Мөнхсайханы Содбаяр юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, залуусын боловсролыг дэмжиж, дэлхийн шилдэг боловсролтой монгол хүн бэлтгэх зорилгоор “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингээд түүний баяр хөөр, шинэ орчин, зорилго тэмүүллийн талаар хуваалцсанаа хүргэе.

-Юуны өмнө олон аавын хүүхдээс “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, сургалтын төлбөрийн тэтгэлэг авсанд халуун баяр хүргэе. Тэтгэлэгт тэнцсэн мэдээг анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх тэтгэлэгт тэнцсэн тухайгаа сонсоод итгэж өгөхгүй их баярласан. Миний хувьд амьдралын минь хамгийн гоё мөчүүдийн нэг байсан. Тэгээд л хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ хэлэхийг хүсдэг юм билээ.

-ЕБС-иа хаана төгссөн бэ. Сурагч байхдаа ямар хүүхэд байв?

-Би Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуульд 12 жил суралцаж төгссөн. Тэр үеийн өөрийгөө тодорхойлбол нийтэч, шартай, болж өгвөл бүх юманд гар бие оролцох хүсэлтэй хүүхэд байсан. Энэ зан араншин минь намайг их нээлттэй хүн болгох түлхэц болсон гэж боддог.

-Яагаад Компьютерын шинжлэх ухааны инженерчлэл мэргэжлийг сонгосон бэ?

-Өнөөгийн Монгол улсад төдийгүй дэлхийд тэргүүлэгч салбар бол мэдээллийн технологи. Тэр дундаа инженерчлэлийн мэргэжлүүд их эрэлттэй байгаа. Боловсрол эзэмшээд эх орондоо ирэхэд ихийг хийж бүтээх бүрэн бололцоотой санагдсан тул сонгосон.

-Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудалд эх орон, хайртай хүмүүсээ үлдээгээд явах сэтгэгдэл ямар байсан бэ?

-Сэтгэл санаагаа эртнээс бэлдэж байх нь чухал гэдгийг ойлгоод уйлахгүй байхыг их хичээсэн. Гэвч гэр бүл, найз нөхөд, эх нутгаасаа холдож байгаа тул олон зүйлс толгойд бодогдоод их уйлдаг юм билээ. Гэрээсээ хол долоон хоног ч байж үзээгүй болохоор гэрийнхнийгээ харах төдийд л нулимс цийлгэнэж байсан ч намайг буцаж ирэх үеийн эерэг өөрчлөлтүүдийг төсөөлж хүч орсон.

-Ойр дотны хүмүүс нь ямар захиас захисан бэ?

-Юуны түрүүнд хичээлдээ сайн анхаарч, суралцахаас өөр зүйлсэд санаагаа чилээхгүй, биеэ бодож явахыг захисан. Би амархан ядарч, өвдчих гээд байдаг учраас хүний нутагт хоол ундаа сайн идэж явахыг захиж байсан.

-Анх удаа гэрээсээ холдож байна уу. Очсон газартаа дасаж байна уу?

-Тиймээ. Хөдөө явсан ч гэрийнхэнтэйгээ хамт явдаг байсан хүн одоо 8000км-ийн зайтай байна даа. Хүмүүс нь маш найрсаг, хүрээлэн буй орчин нь сайхан болоод ч тэр үү дасахад хялбар байсан.

-Унгар улс төсөөлснөөс чинь ямар байна вэ?

-Гадаадад очно гэдэг нь төсөөлж байснаас шал өөр байсан. Миний бодож байснаас илүү тайван, хөл хөдөлгөөн багатай санагдсан. Илүү тухтай, уур бухимдалгүй амьдралын хэв маяг нь таалагддаг.

-Яагаад гадаадын улс руу явж суралцъя гэж шийдэв?

-Мэдээж өндөр чанартай боловсролыг Монгол Улсаасаа авч болох хэдий ч хилийн дээс алхаж шинэ зүйлтэй танилцаж, хүрээллээ тэлэх зэрэг нь маш том давуу тал. “Юм үзэж, нүд тайлах” нь хүний харах өнцгийг өөрчилж өгдөг гэж боддог. Түүнчлэн тэтгэлэгт тэнцсэн алтан боломжийг алдахыг яасан ч хүсээгүй.

-Унгарт очсон эхний өдрүүдэд сэтгэл санааны байдал хэр байв. Хэрхэн даван туулсан бэ?

-Сэтгэл санаа тогтворгүй байсан ч сайхан бүхнийг нь түрүүлж харахыг хичээдэг. Гэрийнхэн яаж байгаа бол гэдэг бодол байнга эргэлдэж байсан. Ямар цаг агаартай байгаа талаар нь бодно. Эх орныхоо салхийг хүртэл санаж байсан ч хичээл, цаашдын төлөвлөгөөгөө бодохоор өөрийгөө юунд зовних хэрэгтэйг илүү ойлгодог.

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэг авахын тулд хичээлээ ямар байдлаар давтдаг байсан арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Сурагч хүүхдүүддээ зөвлөхөд эхлэл гэдэг хамгийн чухал. Миний хувьд математик, физик, англи хэл гэсэн гурван хичээлийг илүү судалдаг байсан. Багшаас гадна интернэтийн тусламж асар их байсан. Англи хэлийг ютүбээс сурч эхэлсэн, эхлээд монгол хэл дээрх хичээлүүдийг үзсэн цаашдаа англи хэл дээрх хичээлүүдийг нь ойлгодог болж эхэлсэн. Англи дуу сонсож байгаад мэддэг үг гарж ирэхээр дотроо баярладаг болоод ирсэн. Аливаа ажлыг хойшлуулахгүй одоо ч болтугай эхлэх нь чухал гэж бодсон. Эхэлсний дараа зуршил болгох нь зүй ёсны хэрэг шүү. Зорилго тавиад өдөр бүр хичээлээс гадуур хоёр цагийг хичээл хийж өнгөрөөвөл зүгээр. Хэрэв үнэхээр чанартай хичээллэж чадсан бол чанартай амралтыг ч бас өөртөө өгөөрэй.

-Энэ тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-Тэтгэлэгт тэнцэж буй хүүхдүүд маш чадварлаг бөгөөд хичээнгүй байдаг. Тэдгээрээс хоцрохгүй байхын тулд одооноос хичээлдээ анхаарах нь чухал. Гадаад хэлний олон улсын шалгалт заавал өгдөг тул өөрийн явахыг зорьсон улсын хэлийг бэлдэж эхлээрэй. Одооноос эхлэхэд чи оройтоогүй шүү. Болж өгвөл хамгийн сайн чаддаг зүйлээ олохыг хичээгээрэй. Тэтгэлэгт хамрагдах хүртэл мөн тэтгэлэгт хамрагдсаны дараа ч шантрах зүйл бишгүй тохиолддог болохоор хүчтэй байгаарай.

-Цаашдынх нь зорилго юу вэ?

-Товчхондоо бол их сургуулиа амжилттай төгсөх, эх орондоо очих, жижиг зүйлээс эхлээд өөрчлөлт хийх. Би эх оронч үзэлтэй хүн. Тиймээс эргэж очоод гадны олон авууштай зүйлс, сургалтын ур чадварыг эх орондоо хэрэгжүүлэх бодолтой байдаг.

-Хайртай хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Өдий хүртэл хайр энэрэл, эд хөрөнгөөр дутаалгүй, үргэлж охиндоо итгэж, итгэл даахуйц иргэн болгож өсгөсөнд баярлалаа. Ихийг сураад очихоороо ачийг нь хариулж, халамжлах болно оо. Энэ ертөнц дэх хамгийн том хэмжээсээр хайртай шүү та нартаа.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу