Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар өнөөдөр (2024.09.23) хэвлэлийн бага хурал хийлээ.

Анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноосон. Түүний холбогдсон олон хэргийн яг альд нь хорих ял оноосон, тухайлан ямар хэрэгт олон жилийн ял оноосон зэрэг олон асуудал нууц хэвээр үлдсэн. Тэгвэл эдгээр асуултад нэгдсэн байдлаар хариулт өгөх зорилгоор энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулжээ.

 

Хэвлэлийн бага хурлаар иргэн Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Р.Булгамаа дараах тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр, “Өнөөдрийг хүртэл тодорхой мэдээллийг өгөх боломжгүй, хязгаарлагдмал байсан. Нөгөөтээгүүр холбогдон шалгагдаж буй хэргийн талаар зарим зүйл дээр маргасан байдалтай байгаа учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Мөн шүүхийн тойм нэг талыг барьсан мэдээлэл нь иргэдэд нэг талыг барьсан мэдээлэл тараасныг өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тодруулбал, “иргэн Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” мэтээр тодотгосон.

Анх удаа анхан шатны шүүх хуралдаанд иргэн Н.Өнөрцэцэг оролцохдоо “би гурван өмгөөлөгчтэйгөө шүүх хуралд оролцмоор байна” гэдэг саналыг хэлж байсан. Гэтэл шүүх үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажилд саад учрууллаа гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Энэ нь хүний эрхийг дордуулсан өрөөсгөл шийдвэр байсан.

Хуульд заасны дагуу МУ-ын иргэнийг гурван шатны шүүхээр хэлэлцэж гам буруутай эсэхийг шийддэг. Гэтэл Н.Өнөрцэцэгийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр л гарсан.

Давж заалдах шатны шүүх нь тухайн хэргийг бүхэлд нь нягталдаг. Тиймээс өмгөөлөгчдийн гаргасан  хууль зүйн үндэслэлүүдийг , мөн хүний эрхийг дордуулсан тодорхой асуудлуудыг бүхэлд авч үзэж тодорхой шийдвэр гаргах байх гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ийнхүү түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол оо хүргүүлсэн байна. Хурлын тов гармагц олон нийтэд мэдээлэх юм байна.

 

Хэвлэлийн хурлын шууд дамжуулалтыг үзэх:

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу