Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар өнөөдөр (2024.09.23) хэвлэлийн бага хурал хийсэн.
Анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноосон. Түүний холбогдсон олон хэргийн яг альд нь хорих ял оноосон, тухайлан ямар хэрэгт олон жилийн ял оноосон зэрэг олон асуудал нууц хэвээр үлдсэн. Тэгвэл эдгээр асуултад нэгдсэн байдлаар хариулт өгөх зорилгоор энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулжээ.

Хэвлэлийн хурлаар иргэн Н.Өнөрцэцэгийн хуульч Д.Батболд дараах тайлбарыг өгсөн юм. 
“Иргэн Н.Өнөрцэцэгт хууль зүй, өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Түүнийг ялласан хэргийн тухайд зарим мэдээлэл нь төрийн болон хувь хүний нууцтай хамааралтай яригдаж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байгааг онцолж хэлье. 
Н.Өнөрцэцэг нь сэтгүүлч мэргэжилтэй, иргэд олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэдэг. Төрийн бодлого, тодорхой үйл ажиллагааны бурууг олон нийтэд хүргэж залруулдаг. Олон нийтийг мэдээллээр хангах, мэдээлэл дамжуулах ажлынхаа хүрээнд хийсэн үйлдлүүд нь шалгагдаж, улмаар анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Үүнийг шүүгч нар болон иргэн Н.Өнөрцэцэг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдах шатны шүүхэд хүсэлт гарган ажиллаж байна. 
Бидний зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгч нарыг оролцуулаагүй нь ноцтой алдаа гэж үзэж байна. Учир нь Н.Өнөрцэцэгийг таван зүйл ангиар буруутгасан. Үүний эсрэг иргэн хүн дангаараа өөрийгөө өмгөөлөх боломж байхгүй. ЭНэ байдлыг шүүх дүгнэж үзэлгүйгээр шийдвэр гаргасан. Нөгөөтээгүүр эрүүгийн хуулийг хэрэглэх процесс алдаатай буюу хэт хүнд, олон жилийн ял оноосон гэж үзэж давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ өгөөд байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу