Дурсамж гэдэг зүрх, дурсамж гэдэг сэтгэл, дурсамж гэдэг тархи. Дурсамж бол цаг хугацаа. Гэрэл цацрах ялалт. Эргээд харахад цэл дүүрэн цэлэлзэж байдаг “өчигдөр”. Бас ирээдүй…

Дурсамж үргэлж тэр хивэндээ байдаггүй. Нэг л мэдэхэд түүх болон хадгалагдан үлддэг. Энэ л түүх болон үлдэх дурсамжаа бүтээж яваа бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Дамдины Дүүрэнжаргал гэдэг. Тэрбээр Зүүний эмч (acupuncturist) мэргэжлээр Австрали улсад ажиллаж, амьдардаг.

“Outlaw” хамтлагийн дууг багаасаа сонсож, дуулж өссөн үнэнч шүтэн бишрэгч гэнэ. Үүнийгээ ч “Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолтын үеэр батлан харуулсан гэхэд хилсдэхгүй. Учир нь 10 мянган километрийн холоос энэ л тоглолтыг үзэх зорилго тээн иржээ.

-“Outlaw” хамтлагийн тоглолтын үеэр тайзан дээр гарахад хэр догдлов. Хүндэлж, хайрлаж явдаг дуучнаасаа цэцэг авах мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-“Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолт ялангуяа фенүүдийнх нь хувьд зүрх сэтгэл догдлуулсан маш гайхамшигтай өдөр болсон. Миний хувьд тайзан дээр гарч, шүтдэг хамтлагийнхантайгаа дуулах, бага насныхаа крашаас цэцэг авах мөч үгээр хэлэхийн аргагүй байсан. Мөрөөдөл минь биелж, сайхан дурсамжийг бүтээсэндээ маш их баяртай байна. 

-Австрали улсаас Монголд ирэх зорилго нь “Outlaw” хамтлагийн тоглолт үзэх л байв уу?

-“All in Hit” тоглолт болох үеэс л очиж үзмээр санагдсан. Тэгтэл  “Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолт болох гэж байгааг дуулаад маш их бодсоны эцэст тоглолт болохоос хоёр хоногийн өмнө онгоцны тасалбараа захиалж, амжиж ирж чадсан. 10 мянган км-ийн холоос ирсэн, шүтэн биширдэг хамтлагтайгаа тайзан дээр дээр дуулах тэр мөчийг мөнгө, цаг хугацаа, юутай ч зүйрлэшгүй юм. 

Амьдралдаа хийсэн хамгийн “күүл” алхам минь болж чадлаа гэж би маш их баяртай байгаа. 

Австралиас ирж таарах үеэр нь “Outlaw” хамтлагийн тоглолт болж таарлаа гэж бусад хүмүүсийн харж буй өнцөг нь байж болох л юм. Тоглолт үзсэний дараа Монголд нэгэнт ирчихсэн юм чинь хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх, ажлуудаа амжуулах гэх мэт төлөвлөгөөнүүд ар араасаа гарч байна. Монголд ирэх хамгийн том төлөвлөгөө маань үнэхээр “Outlaw” хамтлагийн тоглолтыг үзэх байсан. 

-Хэзээнээс “Outlaw” хамтлагийн үнэнч фен нь болсон бэ?

-Би өөрөө Эрдэнэтийнх. “Outlaw” хамтлаг Монголд алдартай ч гэсэн Эрдэнэт хотын хүүхдүүдийн хувьд зүрхний нандин нь. Бүх дуу нь бүх дурсамжтай холбоотой байдаг. Намайг аравдугаар ангид байхад гарч байсан “Зүрхэн тэнгэрийн наран” дуу хамгийн их дурсамжийг хөглөдөг. Учир нь тэр үед анх удаа хайр дурлалыг мэдэрч, хаяж хаягдаж үзэн уйл, эморч байсан үе юм. 

-Таны тайзан дээрх үеийн бичлэг цахим орчинд тавигдаж, эерэг сөрөг сэтгэгдлийг авсан байсан. Та тэдгээр сэтгэгдлүүдийг уншсан уу?

-Уншилгүй яах вэ. Эерэг, сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст бүгдэд нь баярлалаа. Сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ч гэсэн алтан цагаа үрээд, миний дурсамжтай мөчийг үзсэн байна. Эрэг сэтгэгдэл нь 99 хувьтай, сөрөг сэтгэгдэл нь нэг хувьтай байсан. Би өөрөө контент бүтээдэг хүн учраас сөрөг сэтгэгдлийг төвөгшөөдөггүй. Харин янз бүрийн л түвшний хүмүүст энэ бичлэг хүрч чадсанд нь баярладаг. 

-Монголчуудын бүрэг ичимхий зан аливаа шоу тоглолтоос харагддаг. Уг нь тэнд хуримтлагдсан стрессээ гадагшлуулж, хамгийн өөрөөрөө байх боломжтой гэж хардаг. Таны хувьд?

-Бид маш олон цагийг ажил дээрээ өнгөрүүлж, бусдад цаг гаргах болдог. Өөртөө олдох багахан цаг хугацаагаа сэтгэлээ уудалж, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй гэж боддог. Бүжиглэсэн ч, сэтгэл хөдлөлөө гаргасан ч түүнээс ичих ямар ч шаардлага байхгүй. Хэн ч таныг бодохгүй, хэн ч таны тухай эргээд санахгүй учир өөрийгөө л баярлуулах хэрэгтэй. 

-Дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудад Австрали багтдаг. Та энэ улсын соёл иргэншилд амьдарч буйн хувьд аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?

-Хүн болгоны хувьд аз жаргалын хэмжүүр нь өөр өөр байдаг. Миний хувьд аз жаргал гэдэг нь яг энэ амьдарч буй нөхцөл байдалдаа талархаад, хийж чадах зүйлээ хамгийн сайнаараа хийж, бүтээж болох хамгийн сайхан дурсамжаа бүтээгээд явах гэж боддог. 

Австралид очсон ч бай, Америкт очсон ч бай стресс байсаар байна. Тиймээс байгаа нөхцөлдөө яавал аз жаргалтай байхаар байна, яавал нэг ч гэсэн өдрийг дурсамжтай өнгөрүүлж болох вэ гэж бодох хэрэгтэй.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу