Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах 170 метр шугам хоолойг угсарлаа. Нөхөн сэргээлтийн ажил буюу асфальтыг энэ сарын 27-нд дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Тэрбээр “Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд ус зайлуулах шугам хоолойг ажлын 5 хоногт угсарч дууслаа. 170 метр шугам хоолойг есөн шүүрт худагтайгаар Дунд гол руу гаргалгааг гаргаж угсарсан. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2024 онд нийт 15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Өмнөх жилүүдэд ийм олон байршилд ажиллаж байгаагүй. Жилд 7, 8 байршилд л ажиллаж байсан. Тэгвэл энэ жил нийт 15 байршил буюу 5.1 км газрыг ус зайлуулах шугам сүлжээтэй болголоо. Нэмэлтээр хамгийн их ус тогтдог байршлын нэг Нарны гүүрний урд 1260 метр шугам, Энхтайваны гүүрний доод талд 1200 метр шугам, Вокзал орчимд 2.4 км урт шугам хийхээр төлөвлөж, улаан шугам тавьж, бэлтгэл ажил хангасан. Энэ намар хүйтэртэл ажлыг явуулаад, хавар эрт ажлаа үргэлжлүүлж, нийслэл хотыг зун борооны усгүй байлгахаар төлөвлөж ажиллаж байна” гэлээ.
Борооны ус зайлуулах шугам угсрах 15 дахь байршил нь Энхтайваны гүүрний доод талын “Наран” хотхон. Тус байршилд шугам угсрахаар материал татсан, замын ачааллаас шалтгаалж ажлыг өнөөдөр шөнө эхлэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу