Хүүхэд хүнд цүнх үүрэх нь хүзүү, мөр хөших, нуруу, нугасны мурийлт, суулттай болох зэрэг олон өвчний шалтгаан болдог байна. Тэгвэл дунд сургуулийн хүүхдүүд олон улсын стандартаас давсан хүнд цүнхийг үүрч хичээлдээ явж байна. 

Тодруулбал, олон улсын стандартаар бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, 30 кг жинтэй хүүхэд 3 кг-аас бага жинтэй цүнх үүрэх ёстой.

Тэгвэл дунд сургуулийн тавдугаар ангийн хүүхдийн цүнхийг жинлэж үзэхэд 5 кг болсон бол биеийн жин нь 40 кг байв. Тэгэхээр тухайн хүүхэд нийт биеийн жингийнхээ 12.5 хувтай тэнцүү буюу олон улсын стандартаас 1 кг-аар илүү хүнд цүнхийг үүрч явж байна. 

Удаан хугацаанд ингэж явбал тухайн хүүхэд ирээдүйд нуруу, нугасны муруйлт, суулт, булчин чангарах зэрэг өвчин үүсэхийг үгүйсгэхгүй юм.

Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн 5б ангийн сурагч Н.Гангбогд:

-Миний хичээлийн цүнхийг аав, ээж сонгож авч өгдөг. Би дөрвөн хичээлийн дэвтэр, таван ном, финал, фаламастер, усны саваа цүнхэндээ авч явж байна. Заримдаа их хүнд байдаг. Гэхдээ энэ цүнхэндээ дасчихсан болохоор гайгүй.

Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн 5б ангийн сурагч С.Саранзаяа:

-Заримдаа аав, ээж миний цүнхийг сонгож авч өгдөг. Зарим үед цүнх хүнд байдаг. Өнөөдөр монгол хэл, англи хэл, номын тавиур, хичээлийнхээ дэвтрийг авч явж байгаа. Өдөрт дөрвөн ном хичээлдээ авч явдаг. 

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

Оросын хүүхдийн цүнхний стандартад:

  • 1-2-р анги -1,5 кг-аас илүүгүй
  • 3-4-р анги -2,0 кг-аас илүүгүй
  • 5-6-р анги -2,5 кг-аас илүүгүй
  • 7-8-р анги -3,5 кг-аас илүүгүй
  • 9-11-р анги-4,0 кг-аас илүүгүй хүнд цүнх үүрдэг байна. 

Угандад (2014 он) хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10%-иас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна.

Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоосон байна. Сургуулийн сурагчдын 19% нь л сургууль дээрээ ном, дэвтрээ хадгалах хайрцагтай (locker) байжээ.

Шинэ Зеланд улсын (2010) хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1% нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс: 44.3% нь хүзүү, 43.6% нь мөр, 36.4% нь нуруу, 35.0% нь аарцаг нуруунд тус тус өвддөг болохыг тогтоосон байна.Иймд хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх нь зүйтэй. Тухайлбал, цүнхээ нэг мөрөндөө хэзээ ч үүрэхгүйгээр хоёр мөрөндөө үүрэх хэрэгтэй.

Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах, ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах хэрэгтэй. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.

Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх, хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийж өгөх хэрэгтэй. 

Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд хуваарийн дагуу зайлшгүй шаардлагатай зүйлийг нь л бүртгэж, өгч явуулах нь зүйтэй. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдгаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.

Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд:

  • Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх
  • Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах
  • Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
  • Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэмсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийн хэрэгслийг зохицуулж өгч явуулах
  • Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох
  • Даалгаварыг нь олшруулж өгч байх
  • Цахимаар даалгаварыг нь явуулах
  • Сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх
  •  Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулж болох юм.

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу