Онон голд автомашинтайгаа живсэн хоёр иргэний нэгийнх нь цогцсыг олж, нөгөөг нь эрэн хайж байна. 

Тодруулбал, Хэнтий аймаг, Батширээт сумын Онон багийн “Өгөөмөр” гэдэг газарт есдүгээр сарын 17-ны 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан  “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/ 66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар “Онон” голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живжээ.

Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг есдүгээр сарын 18-ны 09:50 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид тухайн иргэнийг хайх явцдаа Онон голын 8 метрийн гүнээс “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашиныг олж, есдүгээр сарын 22-нд татан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Харин Зорчигч И/58 настай, эрэгтэй/-г одоог хүртэл олоогүй, үргэлжлүүлэн эрэн хайж буй аж. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу