Үндэсний эвслээс өнөөдөр (2024.09.24) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “УИХ-ын сонгуулийн дараах анхдугаар чуулган тун удахгүй эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулаад УИХ дахь Үндэсний эвсэл цаашдаа ямар бодлого, зарчим, зорилгыг дэвшүүлж ажиллах талаар мэдээллийг өгье. 

УИХ дахь Үндэсний эвсэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 364 мянган санал авснаар Монголын төрд хүлээн зөвшөөрөгдсөн. Бид ирэх дөрвөн жилд иргэд, хувийн хэвшил, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сөрөг хүчний ажлаа хийнэ. Үүний сацуу Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавьж, оновчтой шийдлүүдийг санал болгож ажиллана. Энэ хоёр чиглэлийн хүрээнд ажиллахдаа суурь хэд хэдэн зарчмыг баримтлах шаардлагатай. 

Нэгдүгээрт, Бид төрт ёс, хэм хэмжээг баримтална. Аливаа улс төрийн акц, үйл ажиллагаанаас үүдэлтэй нийгэм, эдийн засагт үүсэх хор хохирлыг тооцохгүйгээр ямар нэгэн асуудалд хий хоосон улс төр хөөж, “попролт” хийхгүй. Иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг чиглэл болгож аливаа асуудалд хандах болно. Энэ хүрээнд геополитик, эдийн засгийн аюулгүй байдал, төр нийгмийн тогтвортой байдал зэргийг эрхэмлэх болно.

“Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов” гэгчээр дээрх чиглэлүүдэд хор хохирол учруулах эрсдэлтэй асуудалд бид дуугарах хэм хэмжээгээ тохируулж ажиллана. “Төрийн хар хайрцагны бодлого” гэж зайлшгүй байх ёстой. 

Өнөөдөр улс орон хөгжихгүй байгаа, иргэд, ААН-ийн нуруун дээр асар их санхүүгийн дарамт үүсгээд байгаагийн шалтгаанууд маш тодорхой бий. Өнөөдрийг хүртэл эдийн засгийн тогтолцоо маань коммунист сууриар явсаар ирж байна.

Маш олон төрийн өмчит газрууд байна. Тэдгээрийн 40-60 хувь нь алдагдалтай ажилладаг. Үүнийг Засгийн газар шинэчилж, менежментийн реформ хийхээр ярьж байгаа ч энэ асуудал ярианаас цааш хэтрэхгүй байна.

Тиймээс “Үндэсний эвсэл” Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ирээдүйн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тун удахгүй санаачилж, олон нийтийн дунд хэлэлцүүлнэ. 

Хоёрдугаарт, төсвөөс цалин авч байгаа 300 мянга орчим иргэн бий. Улсын нэг жилийн төсвийн дийлэнх хувийг эдгээр хүмүүс авдаг. Үүний цаана үргүй зардал маш их гарч байна. Үр дүнд нь эдийн засгаа тэлэх, макро эдийн засгийн олон өнгөт суурь тогтолцоог бий болгох ямар ч боломж байдаггүй. Үүнтэй уялдуулаад 2025 оны улсын төсөв орж ирсэн. Одоогоор УИХ-ын бүх гишүүдэд тараагдсан байгаа. Бид баримталж байгаа зарчмынхаа хүрээнд мэргэжлийн аудиторуудтай хамтарч, 2025 оны улсын төсөвт дүгнэлт хийхээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар төлөвлөсөн орлогоосоо давсан мөнгө төлөвлөж, 2025 оны төсвийг оруулж ирсэн харагдсан. Зөрүү нь 2 их наяд. Засгийн газар зардлаа хэтрүүлэх тусам төгрөгийн ханшны сулрал бий болдог. Иргэдийн худалдан авах чадамж буурдаг. Хэтрүүлсэн төсвийн алдагдлаа татвар, хураамж нэмэх байдлаар нөхдөг. 

Хамтарсан Засгийн газрын гишүүд дуугарах болгондоо бонд гаргах, гадаад зээл авах талаар ярьж байна. Эдийн засгаа хэрхэн тэлэх, иргэдийнхээ худалдан авах чадамжийг яаж нэмэгдүүлэх, нийгмийн болон эдийн засгийн чиг баримжаатай суурь тэлэлтийг хэрхэн дэмжих талаар бодлого огт ярихгүй байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу