Үндэсний эвслээс өнөөдөр (2024.09.24) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр “Үндэсний эвсэл”-ийн гишүүн, хуульч О.Батхүү “2023 оны долоодугаар сард батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль гэж бий. Энэ хуулийн 19.1.2-т Иргэний хуулийн 243, 343, 395-д заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг зохицуулалт хийсэн. Ийм зохицуулалт дэлхийн аль ч улсад байхгүй. 

Энгийн жишээ хэлэхэд, та бүхэн “100 айл”-аас очоод нэг портер аваад, лагер руугаа ачаа зөөлгөлөө гэж бодъё. Жолоочид нь ажлын хөлс гэж 100 мянган төгрөг төлнө. Энэ нөхцөлд тухайн жолоочийн НДШ буюу 25 мянган төгрөгийг улсад төлөх үүрэг хүлээж байгаа юм.

Хэрэв энэ мөнгөний тайлангаа нэг сарын дотор хүргүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн 10.17-д заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгуулна. 25 мянган төгрөгөө төлөхгүй бол дахин 50 мянган төгрөгөөр торгуулна. 

Үндсэндээ, иргэн жолооч хөлслөөд, ачаа зөөлгөснийхөө төлөө 125 мянган төгрөгийн өрөнд орох хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Нийгмийн даатгалын санд ингэж их хэмжээний мөнгө татаад байгаагийн учир нь, эрх баригчид бидний төлсөн, нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг “идчихээд”, алдагдлыг нь ард түмнээр төлүүлэх гэж байгаа юм.

Төлүүлэхдээ, энгийн харилцаанаас хүртэл мөнгө татаж байна. Чи нэг хүнд хөлсийг нь төлөөд ажил хийлгэхэд л тэр хүнийхээ нийгмийн даатгалыг төлөх болчихож байгаа юм. Ийм хуульчилсан дээрмийг Үндэсний эвсэл хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу