Песто хэмээх хаан оцон шувуутай танилц. Дөнгөж есөн сартай, 22.5 кг жинтэй тэрээр Австралийн “Sea Life Melbourne” аквариумд амьдардаг. Тэр хэдийнэ эцэг эхээсээ том болжээ.

90 сантиметр (ойролцоогоор гурван фут) өндөр Пестогийн эцэг, эхээсээ биерхүү өндөр болохыг харуулсан гэрэл зургууд цахим ертөнцөд тарсан билээ. Тэрээр мөн хүмүүст оцон шувууны талаар илүү ихийг мэдэх боломж олгосон юм.

Хаан оцон шувуудын хувьд бор, гөлгөр үстэй төрдөг. Дэгдээхэй насандаа сэлж сураад, “өдөө гээдэг” байна.

Оцон шувуудыг шууд хараад хүйсээр нь ялгах боломжгүй аж. Шувуу хамгаалагчид оцон шувуудынхаа хүйсийг мэдэхийн тулд хөлийн хуруунаас нь дусал цус авч, лабораторид илгээдэг байна.

“Sea Life”-д 2018 оноос хойш ажиллаж буй, оцон шувуу хамгаалагч Майкла Смайл “Песто хэдийнэ ааваасаа өндөр болсон” хэмээн хэлжээ. Нийгмийн сүлжээгээр Песто оцон шувууны тухай нэвтрүүлэг цацагдсан бөгөөд “Sea Life”-ийн Instagram хуудас 25000 дагагчтай болсон байна.

Пестогийн төрсөн эцэг Блэйк аквариумын хамгийн анхны бөгөөд хамгийн том оцон шувуудын нэг аж. Түүнийг далайн амьтдыг хамгаалахыг хүсдэг Танго, Хадсон нар өсгөжээ. Нийт 60 оцон шувуу байгаагаас ихэнх нь Пудинг, Вуппер, Ламингтон гэх мэт хоолны нэртэй аж.

Песто өдөрт дөрвөн удаа хооллохдоо нэг удаад найман ширхэг, өдөрт нийт 30 гаруй загас иддэг байна. Энэ нь насанд хүрсэн оцон шувууны хооллолтоос хоёр дахин их гэсэн үг юм.

Смайл “Оцон шувууд ойролцоогоор 15 минут тутамд ялгадсаа гаргадаг” гэж тайлбарлажээ. Иймд шувуу хамгаалагчид оцон шувууны үзэсгэлэнг зорьж буй зочдыг ирэхээс өмнө цэвэрлэгээ хийж, маш завгүй ажилладаг байна.

Эх сурвалж: CNN, AP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу