Крипто салбар маш хурдан хугацаанд нийгмийн олон үе шатыг туулж байгааг бид бүгдээрээ гэрчилж сууна. Анх биткойн гарч ирээд, нийгэмд криптогийн талаарх ойлголт өгөх гэж сайн муугаар цоллогдохын зэрэгцээ өсөлт, уналтын мөчлөгүүдээ ч давж, хөгжлөөрөө манайхыг ардаа хол хаядаг улс орнуудаар зогсохгүй манайхаас ард зогсдог буурай орнууд хүртэл төлбөр тооцоондоо криптог хүлээн зөвшөөрснөө зарласан.

Тухайлбал, Эл Сальвадор улс биткойныг албан ёсоор төлбөр тооцооны хэрэгсэл болгон нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болсон бол Бутан улс криптовалют, төлбөр тооцооны компани болох Ripple-тэй хамтран ажиллаж, Бутаны төв банк болох Хааны Мөнгөний Хэрэг Эрхлэх Газар (RMA) нь туршилтад Ripple -ийн технологийг ашиглахаар болсон.

Үүний үр дүнд ард иргэдийнхээ санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, дижитал валютын ертөнцөд хандаж буй улс орны өөр нэг жишээг харуулж байна.

Саяхан Швейцарь улсад бургерээ биткойноор худалдан авах боломж нээгдсэнээс гадна Засаг нь криптогоор татвараа авахыг зөвшөөрчээ.

Харин Монголд?

Манайд крипто зах зээл Азийн бусад улс орнуудтай харьцуулахад хожуу хөгжсөн ч 2019 оноос хойш нийт 41 койны төсөл зах зээлд танилцуулагдсанаас өдгөө гарын 5 хуруунд багтатлаа багасчээ.

Энэ нь зах зээлээс их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлсэн төслүүд толгой дараалан “өнхөрч”, мөнгөө бариад орсон иргэдийн гомдол бухимдал ч оргилохын сацуу манай улс ФАТФ-ын зөвлөмжийн дагуу Виртуал хөрөнгийн хуультай орны нэг болсонтой ч нэг талаараа холбоотой болов уу.

Крипто гэдэг зөвхөн Монголд л байдаг зүйл бус, олон улсын жишгийг дагаж, хөл нийлүүлээд алхаж яваагийн хувьд тодорхой төслүүдээр дүгнэж, цааш түлхэхгүйгээр зохицуулагч байгууллагуудаас салбарын хөгжил, түүнийгээ дагаад төлбөр тооцоо цахимжихын хэрээр хэрэглэгчийн үйлчилгээг хялбаршуулах, өртгийг бууруулах боломж гэдэг үүднээс харж, “хойш биш урагш” түлхэж ажиллаасай.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу