“Амьдрахуй”. Нэрээсээ эхлээд л хүний оршин байх хугацааны хамгийн олон үйл явдал, мэдрэмжүүдийг багтаасан хятадын зохиолч Уй Хуагийн “Амьдрахуй” туужийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл эл туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг Орфей театрын хамт олон үзэгчдэд толилуулахад бэлэн болоод байна.

Энэ удаад Монголын ард түмэн, үзэгч олонд “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээр хоногшин үлдсэн МУГЖ Д.Ганцэцэгтэй жүжгийн сургуулилт дундуур хоромхон ярилцсаныг хүргэж байна. Тэрбээр “Амьдрахуй” жүжгийн Жя Жэн буюу гол дүрийн эхнэрийн дүрд тоглож буй.

Биднийг Соёлын төв өргөөний хойд хаалгаар орвол ёстой л бум бужигнаж түм түжигнэж байлаа. Найруулагч Батболд, Ерөнхий зураач Баярмагнай нар үзэгчдийн суудалд сууж, харин тайзан дээр жүжгийн бэлтгэл өрнөж байлаа. Жүжигчдийн харц болоод амьсгал нь мэдрэгдэхүйц анир гүм угтан авсанд зураглаач бидэн саад болохгүйг хичээн хөдөлгөөнөө сойн гэдэргэ алхсан юм.
Удалгүй бэлтгэл дуусаж ярилцлага хийхээр зэхсэн ч Д.Ганцэцэг жүжигчин маань нэг л хэвийн байдалдаа орж чадаагүй бололтой хэсэгхэн зуур агаар амьсгалж, гадна зогсмоор байгаагаа хэлсэн юм. Түүний сэргэлэн цовоо, гал цогтой харцыг энэ удаагийн тайзнаас тэс ондоо болоод бууж ирэхийг ажсан юм. Ингээд бодохоор жүжигчин хүн өөртэйгөө тэрсэлдээд ч хамаагүй дүрээ амилуулах гэж хичээдэг болой.

NEWSWIRE

“Анх “Амьдрахуй” туужийг уншиж байхдаа би номыг нь газар чулуудаж байсан. Саяхан найруулагч надад санал тавихад нь хүртэл хүлээж аваагүй байсан юм” хэмээн ярих түүний сэтгэл санааг чухам юу өөрчилж, жүжигт тоглохоор болсныг, бас жүжгийн өрнөл түүнд юуг мэдрүүлсэн тухайг бидний ярилцлагаас хүлээн авч уншаарай.

Анх М.Батболд найруулагч танд жүжигт тоглох саналыг тавихад та ямар хариулт хэлсэн бэ?

– Хамгийн анх би Уй Хуагийн Амьдрахуй туужийг уншаад газар шидэж байсан юм. Амьдралын гэх их далайн их зовлонг туулж, мэдэрч  л байхад яагаад нэг хүний, тэр тусмаа хятад хүний зовлонг би уншаад сууж байна вэ гэж бодсон. Уур ч хүрч байсан. Удалгүй юм даа, жил орчмын дараа М.Батболд найруулагч над руу залгаад санал тавихад нь шууд үгүй гэж хэлсэн. Яагаад гэхээр нэгдүгээрт номыг нь уншаад шидэж байсан би дахин тэр зохиолд нэвчих орно гэдэг утгагүй санагдсан. Хоёрдугаарт найруулагчтайгаа сүүлийн хэдэн жил багагүй жүжигт хамтран ажилласан болохоор “за хоёулаа хэсэгтээ тусдаа байя. Өөр жүжигчид олоорой” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй, сарын дараа дахиад залгасан. Ганаа эгч ээ, танаас өөр тоглох хүнгүй байна аа гээд. Тэгээд яах вэ, би жүжгийн зохиолыг нь уншъя гэсэн юм.

Гэтэл зохиолч, яруу найрагч Мө.Батбаярын жүжгийн зохиолыг, тайзны үзэгдлийг киноны кадр, сцен шиг болгосон бичиглэл нь надад таалагдсан. Зохиол нь таалагдсан учраас би эргэж залгаад зөвшөөрсөн юм даа.

Анх номыг нь газар шидэж байсан хэр нь өнөөх зохиолынхоо дүрд тоглоод, бүр дүрдээ амьдраад ирэхээр тад ямар мэдрэмж төрсөн бэ?

Дүр дээр ажиллах тусам надад амттай санагдаж байгаа. Одоо Жя Жэнээр амьсгалж, түүнд уусаж сууна. Анх ном уншиж байхдаа түүнийг ямар тэнэг эмэгтэй вэ гэж боддог байсан юм. Тэр их зовлон зүдүүрийг амсуулж, мэдрүүлээд байгаа нөхрөөсөө салж чадахгүй, тэр амьдралаас холдож чадахгүй хажууд нь байгаад л байдаг гэж бодсон. Харин одоо бол өөрийн тоглож байгаа Жя Жэнийн дүрийг, тэр эмэгтэйг өдрөөс өдөрт хайрлаж, шүтэж байна даа. Ямар их уужуу сэтгэлтэй юм бэ. Бодит амьдрал дээрх хоосон чанарыг ойлгосон, сэтгэлийн гүн ухаантай, дотоод сэтгэлийн их хүчтэй, эмэгтэй хүнд байж болох хамаг сайн чанарыг агуулсан хүчирхэг эмэгтэй юм байна гэж мэдэрч байгаа. Тийм учраас маш их хүндэлж, дурлаж бас суралцаж байна.

Таны дотоод хүнтэй зөрчилдөж байна уу?

Зарим тохиолдолд тийм. Гэхдээ хүн өөрийгөө ямар тохиолдолд ямар араншин гаргахаа мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө амьдралыг бодоод үзэхээр миний амьдралд тохиолдсон хурц, тод үйл явдлуудтай зарим нэгэн хэсгүүд нь төстэй байгаа учраас сургуулилтаа үргэлжлүүлж чадахгүй зогсох үе ч байсан. Дотор давчдаж орилмоор, хашхирмаар, гарч гүймээр санагдахад найруулагчаас зөвшөөрөл авдаг байсан. Мартагдсан, арав гаруй жилийн өмнөх амьдралын маань маш том хагацлыг сэргээж, сануулаад байгаа учраас зарим тохиолдолд үнэхээр хэцүү байгаа. Гэхдээ зүгээрээ хичээж байгаа. \инээв\

Амьдрахуй тууж дээр гардаг шиг зовлон, шаналантай хүн бидний эргэн тойрон байсаар л байдаг. Үүнийг М.Батболд найруулагч хэрхэн гаргаж ирсэн шиг санагдаж байна вэ?

Амьдрахуй номыг уншихад тэр чигтээ амьдралын сөрөг талууд харагддаг шүү дээ. Үйл явдлууд нь гэхэд асар их уналтад ороод тэндээс босож байгаа нь мэдрэгддэг. Гэтэл дандаа унасан, уналтад орсон хүнийг хараад байгаагаас биш уналтад ороод түүнээсээ гарч байгаа хүнийг олж харалгүй уншсан байна. Ганцэцэгийн хувьд. 

Орчин цагт мөрийтэй тоглоод амьдралаа, бүх зүйлээ алдаж байгаа маш олон хүн байдаг. Одоо М.Батболд найруулагчийг харахад, энэ бүхнийг даван туулж байгаа түүхий маш сонирхолтойгоор, сэтгэлдээ гүн сэхээрэл, ухаарал тээгээд үзэх олон сонирхолтой тавилтуудыг хийж байгаа. Заримдаа найруулагчийгаа эсэргүүцнэ, зарим үед тавилтыг нь хүндэлж, биширч л ажиллаж байна даа. 

Тэгэлгүй яах вэ. Эцэст нь та Амьдрахуй жүжгийг үзэх нэг шалтгааныг нэрлэхгүй юу?

Та яг одоо амьдарч байгаа бол, улам илүү амьдармаар байгаа бол, амьдралд хайртай бол заавал үзээрэй. Миний бодлоор жүжгийн төгсгөлд алга ташихаас илүүтэй хайртай хүмүүстэйгээ үзэж байгаа бол бие бие рүүгээ харахгүйгээ, нэгэндээ хэлэхгүйгээр, хүрэлцэхгүйгээр “бие биедээ хайртай гэдгээ мэдрэх болов уу” гэж бодож байна. Нэг тийм хайр дүүрэн орчин үүсэх болов уу. 

Маш их баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу