Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд 21 аймгаас шалгарсан брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа юм.

Тэгвэл тус үзэсгэлэнд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш болон хүний биед үзүүлэх ач холбогдлын талаар сурвалжиллаа. 

-Завхан аймгаас аньс, нэрс, үхрийн нүд, чацаргана, самар гэх зэрэг жимс, жимсгэнээр оролцож байна. Жимс бол энэ жил хямдхан байгаа. Тухайлбал, нэрс, аньс 15 мянган төгрөг, самар 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Энэ жил жимс, самар элбэг болохоор хямдхан байна. Бүтээгдэхүүнүүд маань байгальд буюу задгай талбайд ургасан. Тариалсан гэвэл үхрийн нүд байна. Үхрийн нүдийг хүмүүс Сэлэнгэ аймагт тариалдаг. 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас иргэн “Органик бал” хоршооны гишүүн Ц.Батжаргал:

-Зөгийн бал, тарьсан ногоогоор оролцож байгаа. Хамгийн гол нь бид зөгийн аж ахуйтай. Тиймээс дийлэнх нь зөгийн балаар хийсэн бүтээгдэхүүн байгаа.

Мөн наранцэцэг тарьсан. Үүний самрыг идэхэд цус шингэлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Үүний нэгийг нь 5000 төгрөгөөр, тал болон жижгийг нь 2000-3000 төгрөгөөр зарж байна. Хүмүүс их сонирхож авч байна.

Наранцэцэгийг үрээр нь л тарьчихдаг. Усалгаа, арчилгаа их шаарддаг. Мөн удаан хугацаанд ургадаг. Гэмтэлтэй улаан лоолио зөгийн балтай хатаасан. Мөн хүүхдүүдийн чихрийн хэрэглээг багасгах зорилгоор зөгийн балтай, аарцтай, хүрэн манжинтай ааруулан чихэр хийсэн. 

“Халбага зөгийн бал” гэж савлагаа гаргасан. Үүнийг эмнэлэг, сувиллын газар шууд хэрэглэхэд амар байдаг. Нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй. Уутандаа 5, 10 ширхэгтэй. Цэцгийн тоос зарж байна. Мөн зөгийн балын хаалт, жилий зарж байна.

Бүтээгдэхүүнүүдээ нийлүүлж 50 мянган төгрөгийн үнэтэй бэлгийн багц гаргасан. Үүнд зөгийн бал, хатаасан ногоо, зөгийн балтай архи хийсэн. 

Цэцгийн тоосонд хүний биед зайлшгүй шаардлагатай 240 төрлийн амин дэм байдаг. Үүнийг дангаар нь болон зөгийн балтай хольж хэрэглэж болно. Жишээлбэл, 1 кг зөгийн баланд 150 гр цэцгийн тоосыг холиод өдрийн гурваар хэрэглэж ууна. Хөргөгчдөө тавьж байгаад уучихдаг. Зөгий үүгээр хооллодог учраас маш ажилсаг, хүчтэй байдаг. 

Манайхан сэргэж байна гээд кофе их уудаг шүү дээ. Кофеныхоо нэг ээлжид энэ цэцгийн тоосоо зөгийн балтай хутгаад ууж байх юм бол сэргэдэг. Өдрийн гурваар зургаан цагаас өмнө ууна. Тэгэхгүй бол нойр нь сэргэчихнэ. 

-Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багаас ирж оролцож байна. Манайх “Хайрхан буурал” хоршоо гээд 1999 онд байгуулагдсан. Манай хоршоо мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг байж байгаад сүүлийн 10 жил урийн борц хийж байгаа. 

Борцоо хоолонд хийхэд бэлэн болгож нүдэж бэлтгэсэн.100 гр борцыг 30 минут бүлээн усанд дэвтээхэд 2.5-3.5 дахин өснө. Тэр 100 грамм борцоороо 3-4 хүний хоол хийдэг. Энэ дэвтээсэн борцыг бүх төрлийн хоолонд хэрэглэдэг. Мөн сарлаг үхрийн нарийн гэдсийг ээзгийтэй холиод төрөл бүрийн хоолонд хэрэглэдэг. Ингэхэд хоол маш сайн амт орж, бор шөлтэй болдог. 1 кг борц 60-65 мянган төгрөг, гэдэс нь 500 гр нь 10 мянган төгрөг гэж байгаа. Ааруул 35-40 мянган төгрөгийн үнэтэй байна.

    

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу