Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “ABC News”-т ярилцлага өгөхдөө “Украинд дайны төгсгөл олны ​​итгэж байгаагаас ч илүү ойрхон байна. Энх тайван байдал тогтоход бидний бодож байгаагаас ч илүү ойртсон гэж би бодож байна” хэмээн хэлжээ.

Зеленский хэдийгээр зэвсэгт мөргөлдөөн “дуусахад ойрхон” гэж хэлсэн ч барууны түншүүдээсээ Украины армийг бэхжүүлэхийг шаардсан хэвээр байна. Нэмж дурдахад, Зеленский дайныг зогсоох төлөвлөгөө нь “Оростой хэлэлцээр хийх тухай биш” гэж мэдэгджээ. Тэрбээр “Ялалтын төлөвлөгөө” бол Украин, Украины армийг бэхжүүлэх явдал юм” гэж хэлсэн байна.

Украины удирдагч өмнө нь дайныг зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Тэр “Вашингтоны шийдвэрээс хамаарах зүйлс байгаа тул төлөвлөгөөнийхөө нарийн ширийн зүйлсийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцана” гээд, “Төлөвлөгөө түншүүд яаралтай шийдвэр гаргахад зориулагдсан” гэж нэмж хэлжээ.

Байден, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нар есдүгээр сарын 26-нд Вашингтонд Зеленскийтэй уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Кремль хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан Зеленскийн төлөвлөгөөний талаарх мэдээлэлд болгоомжтой ханддаг ч албан ёсны эх сурвалж мэдээлсэн бол түүнийг судлах болно гэжээ.

ОХУ-ын эрх баригчид мөргөлдөөнийг зохицуулахын тулд Украинтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн ч Киев татгалзсаар ирсэн.

Украины эрх баригчид мөн гуравдагч орнуудын энх тайван, зуучлалын санаачилгыг удаа дараа няцааж, зөвхөн Зеленскийн томъёолол гэгчийг сурталчлахаа мэдэгдсээр ирсэн юм.

Саяхан Зеленский Бразилийн “Metrópoles” интернет порталд өгсөн ярилцлагадаа “Бразил, Хятадын мөргөлдөөнийг шийдвэрлэх төлөвлөгөө”-г эрс шүүмжилж, түүнийг “хор хөнөөлтэй” гэж хэлжээ. Тэрбээр мөн Германы канцлер Олаф Шольцын “энх тайвны төлөвлөгөө”-ний талаар юу ч мэдэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гарагт АНУ-д айлчлалаа эхлүүлж, Ерөнхийлөгч Жо Байден болон бусад холбоотнууддаа Оросыг ялах төлөвлөгөөгөө танилцуулахаар төлөвлөж, улмаар Пенсильвани дахь сумны үйлдвэртэй танилцсан.

Зеленский “ялалтын төлөвлөгөө”-өө бүрэн тайлбарлах бөгөөд “Киев ОХУ-ын нутаг дэвсгэрийн бай руу алсын тусгалын пуужин харвах хүсэлтээ анх удаа ерөнхийлөгчид нэр дэвшигчид, АНУ-ын хууль тогтоогчид болон олон улсын түншүүдтэй ярьж хуваалцахаас өмнө Байдентай уулзана” гэж хэлжээ.

Тэрбээр АНУ-д газардахын өмнө X дээр “Энэ намар энэ дайны ирээдүйг тодорхойлно. Бид түншүүдтэйгээ хамт өөрсдийн ялалтад шаардлагатай байр сууриа бэхжүүлж чадна. Жинхэнэ шударга, энх тайвны төлөөх хамтын ялалт” гэж бичсэн байна.

Зеленский айлчлалаа Байдены төрөлх хот дахь Скрантоны армийн зэвсгийн үйлдвэрээс эхлүүлж, Украиныг зэвсгээр хангаж буй ажилчдад талархал илэрхийлж, Киев дайны хүчин чармайлтад чухал ач холбогдолтой 155 мм-ийн их бууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно” гэж мэдэгджээ.

Тэр Украины холбоотнуудаас зэвсгийн хязгаарлалтыг зөөлрүүлэхийг шахаж байгаа бөгөөд АНУ байр сууриа өөрчилсөн шинж тэмдэг илэрсэн ч өнгөрсөн Баасан гарагт тэд хараахан зөвшөөрөл өгөөгүй талаар мэдэгдсэн байна.

Зеленский сэтгүүлчдэд “Бидэнд алсын тусгалтай зэвсэг бий. Гэхдээ бидэнд хэрэгцээтэй хэмжээтэй биш. АНУ ч, Их Британи ч бидэнд Оросын нутаг дэвсгэрт эдгээр зэвсгийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй” гэж нэмж хэлжээ.

Тэрбээр Нью-Йоркт очиж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Лхагва гарагт үг хэлж, Дэлхийн Өмнөд, G7, Европ болон олон улсын байгууллагын удирдагчидтай уулзах төлөвтэй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр Вашингтон хотноо АНУ-ын Конгрессын танхимд Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсонтой (R-LA) уулзсан.

Зеленский Баасан гарагт Харрисын тухай “Би тэр энэ ялалтын төлөвлөгөөний талаар юу бодож байгааг сонсохыг хүсч байна. Арваннэгдүгээр сараас хойш өөр нөхцөл байдал үүснэ. Энэ нь АНУ шинэ ерөнхийлөгчтэй болно гэсэн үг. Мөн бид нэр дэвшигч бүртэй энэ тухай ойлголтынх нь талаар ярилцах хэрэгтэй” гэж хэлжээ.

Харрис Украин болон НАТО-гийн холбоотнуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Байдены Украиныг дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.

Зеленский мөн Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхийлөгч асан Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа аж. Трамп саяхан болсон мэтгэлцээний үеэр Украиныг дайнд ялаасай гэж хүсч байгаа эсэх асуултад хариулахаас татгалзсан билээ.

Эх сурвалж: CNN, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу