Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-ний өдөр болно. Маргааш (2024.09.26)-аас сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. 


ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.ПҮРЭВДЭЛГЭР:

-2024 оны орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөх юм. Маргааш (2024.09.26) нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Сурталчилгааны хугацаа 14 хоног бөгөөд санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23:59 цагт сурталчилгааг зогсооно.

2024 оны орон нутгийн сонгуулиар нийт 2230 сонгуулийн санал хураах байр ажиллана. Уг санал хураах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А329 дүгээр тушаалын дагуу байгуулан ажиллаж байна.

Энэ оны наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх талаар лавлагааг 19239 иргэнд олгосон.

2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой нийт 58 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, зөрчлийн шинжтэй 49 гомдол, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй ес гомдол мэдээллээс хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн хоёр, харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн нэг, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа зургаан гомдол мэдээлэл байна” гэсэн юм. 

Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдлыг орон нутгаар нь ангилбал:

  • Ховд 1
  • Булган 2
  • Өвөрхангай 1
  • Хэнтий 3
  • Дорнод 1
  • Сүхбаатар аймагт 1 гомдол бүртгэгджээ.

Зөрчлийн хэрэг бүртгэх албаны Чиглэлийн ахлах, цагдаагийн хошууч Э.САРУУЛ:

-Сурталчилгааны самбар байршуулах цэгийг тогтоосон байгаа. Сурталчилгааны зурагт самбарыг баллаж цохлох, эвдэлж сүйтгэх зөрчил гардаг. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс самбараа байршуулахдаа тухайн аймаг, дүүргийн ИТХ-аас тогтоож өгсөн, зөвшөөрсөн, хяналтын камертай хэсгийг сонгоорой гэж зөвлөж байна гэв.

Сонгуулийн санал авах өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно. Цагдаагийн байгууллагаас үүнд хяналт тавьж ажилладаг.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу