Засгийн газрын өнөөдрийн (2024.09.25) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. 3,4 сая хувьцаа эзэмшигчтэй гэсэн үг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани.

Энэ компанийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. 

Өнөөдөр олж буй ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг ахиулахын зорилгоор ийм шийдвэр гаргасан. Ингэснээр энэ компанийн томилгоо, худалдан авах ажиллагаанд улс төрчид хөндлөнгөөс оролцохгүй. 

Коделко гэх Чили улсын төрийн өмчийн компани зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа. Өмнө нь манайх шиг хүдэр дэх зэсийн агууламж буурсан, үйлдвэрлэлийн өртөг өссөн, улс төрийн нөлөөлөл орсноос болж энэхүү компани зөвлөх үйлчилгээ авч, хөндлөнгийн компаниар менежмент хийлгүүлсэн. Үүний үр дүнд зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэж, өртөг буурч орлого нэмэгдсэн. 

Мөн Саудын Арабын Майнинг гэх төрийн өмчит компани нь хамааралтай шийдвэр гаргадаг, ил тод нээлттэй байдал алдагдсан учраас дэлхийн Бостин консалтинг, McKinsey компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Ингэснээр зардал 20 хувиас 10 болж буурсан, борлуулалтын орлого нэмэгдсэн. 

Тиймээс цаашдаа олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулна. 

Өнөөдрөөс эхэлж тус компани дээр үнэлгээ, аудит хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад зөвлөх үйлчилгээ авна. Энэ талаар тухайн бүрд нь олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж байсан. Гэтэл улс төрчид өөрсдөө материал бүрдүүлж, хөндлөнгийн нөлөөлөл ордог. Үүний цаана авлига, хээл хахууль гардаг.

Цаашдаа энэ компанийг нээлттэй байдлаар ард түмний хяналтад оруулахгүй бол дахиад нүүрсний сонсгол болж, улс төрчдийн нөлөөлөл орохыг үгүйсгэхгүй.

Олон улсын менежментийн багийг авснаар засаглал шинэчлэгдэж, улс төрөөс хараат бус, авлига ашиг сонирхлоос ангид байна. Зах зээл тэлнэ. Шинэ технологи инновац нэвтэрнэ. Бүтээмж нэмэгдэнэ.

Нэгдсэн зөвлөх үйлчилгээний багаар энэхүү процессыг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргуулж байгаа. Хүний нөөцийн шилдэг компаниуд уул уурхайн компанийг удирдахад аль нь боломжтой талаар зөвлөдөг” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу