Засгийн газрын өнөөдрийн (2024.09.25) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын гишүүдэд албан ёсооор танилцууллаа. Зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын гурван агентлаг байдаг. Фитч (Fitch Ratings), Мүүдис (Moody’s Investors Service), Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) зэрэг. Фитч агентлаг өнгөрсөн долоо хоногт тайлангаа баталж, энэ сарын 19-ны өдөр олон улсын мэдээллийн хэрэгслээр зарласан. Энэ тайланд зээлжих зэрэглэлийг ямар шалтгаанаар ахиулж буйгаа маш дэлгэрэнгүй дурдсан байна.

Тухайлбал, 

Нэгдүгээрт, Засгийн газар өрийн удирдлагын стратегиа сайн барьж ирсэн тул өрийн дарамт эрс буурсан.

Хоёрдугаарт, Засгийн газрын тогтвортой байдал, сонгуулийн үр дүн.

Гуравдугаарт, санхүү, төсвийн сахилга бат нь уул уурхайн салбарын өсөлттэй уялдсан.

Дөрөвдгээрт, гадаад валютын улсын нөөц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тогтвортой нэмэгдсэн байна гэдгийг дурджээ.

Мөн үүн дээр хоёр зүйлийг нэмж дурдсан. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар төсвийн тодотгол өргөн барихдаа төсвийн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэж Монгол Улс зээлийн үндсэн өрөө жил бүр тогтмол төлж явна гэдгийг хуульчилсан. Энэ нь эерэг нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг түүхэн хугацаагаар авч үзвэл, 2010 онд Чингис бонд гарахтай зэрэгцэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг анх тогтоолгосон. Фитч агентлагийн хувьд Монгол Улсын зээлжих зэрэглэлд 2011 онд хамгийн дээд тал нь B+ тогтвортой үнэлгээг өгч байсан. Үүнээс хойш огцом унасан гэж хэлж болно. Ингээд 10 жилийн дараа 2024 онд дахин B+ тогтвортой үнэлгээг өглөө. Бид 10 жилийн өмнөх өндөр үнэлгээнд буцаж ирлээ гэсэн үг. 2022, 2023 онд бид олон улсын валютын санд орох хүртлээ санхүү төсөв, гадаад өрийн тухайд хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч тухайн үед богино хугацаанд Засгийн газрын валютын нөөц, өрийн хүндрэлтэй асуудал, Хөгжлийн банкны асуудлаас гарах шийдвэртэй алхмуудыг хийж арга хэмжээнүүдийг авсан. Богино хугацаанд нүүрсний экспортоо ч нэмж чадсан. Ингэснээр валютын нөөц нэмэгдсэн” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу