Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнтэй жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг онол, арга зүйн цугларалт есдүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Удирдах бүрэлдэхүүний энэхүү онол, арга зүйн цугларалтын үеэр өмнөх сургуулийн жилд бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудынхаа хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, тэргүүний нэгтгэл, анги, салбаруудыг шалгаруулахын зэрэгцээ ирэх сургуулийн жилийн бодлого, зорилго, зорилтууд, түүнийг зохион байгуулах арга зам, арга хэлбэр, зохион байгуулалтын үндсэн асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрдэг.

Энэ жилийн хувьд уг цугларалтын зохион байгуулалт, цар хүрээ, агуулга, хэлбэр улам бүр баяжиж, Батлан хамгаалахын сайдын санаачилгаар “Батлан хамгаалахын сэргэлт” сэдвийн хүрээнд Батлан хамгаалахын болон Зэвсэгт хүчний удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж өргөжсөн ба уг зөвлөгөөнийг цугларалтын эхний өдөр Төрийн ордонд зохион байгуулснаараа онцлог болов.

Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасадамба нарын хүндэт зочид оролцож, лекц, мэдээлэл хийж, үг хэлсэн юм.

Онол, арга зүйн цугларалт үдээс хойш ЦДБЭЧ-ын их танхимд “Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, түүнийг гүнзгийрүүлэх нь”, Цэргийн насны залуучуудын сэтгэл зүйн байдал, онцлог шинж чанар”, “Хүн амын шилжилт хөдөлгөөн орон нутгийн хамгаалалтын сургалт бэлтгэлд нөлөөлөх нь”, “Гадаадын зарим орны цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл” зэрэг онолын хичээлүүдээр үргэлжилж, дараа нь нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Цугларалтын хоёр дахь өдөр (2024.09.25) Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Цэргийн сургалт бэлтгэлийн дэд тогтолцоог бүрдүүлэх нь”, “Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах арга зүй, зарим санал”, “Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоонд зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үүрэг, оролцоо”, “Төрлийн цэргүүдийн сургалт бэлтгэлийн дэд тогтолцооны онцлог” зэрэг хэд хэдэн сэдвээр үргэлжлэн явагдаж байна.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу