Ертөнцийн хамаг сайхан өнгө төрхийг бид харж, мэдэрч, бас ойлгож амьдардаг. Улирал солигдох мөчийн тансаг өнгө, гэрэл. Хүрээлэн буй орчны аялгуут  эгшиг хөгийг мэдэрч, түүгээр сэтгэлээ тэжээж яваа амьтан гэж болно. Тэгвэл биднээс арай өөр хүмүүс ч зэрэгцэн оршдог. Тэд сонсохгүй, харахгүй бас ярихгүй байж болно.
Хэдий тийм байлаа ч аниатай нүдэн дотроо төсөөлж харсан, дүлийрсэн их орон зайд өөрийн гэсэн дуу чимээг сэтгэлдээ чагнасан асар их тэсвэр тэвчээр гэрэл өөд мацаж буй юм шүү. Энэ л мэдрэмж, сэтгэл хийгээд хүмүүний амьдралын зовлон, баяр бүх л зүйлийг өгүүлсэн нэгэн шинэ жүжиг тайзнаа тавигдахад бэлэн болжээ. 
Энэ бол алдарт Амьдрахуй туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжиг юм. “Амьдрахуй” жүжгийн зохиолыг зохиолч, яруу найрагч Мө.Батбаяр бичиж, М.Батболд найруулжээ. 
Бид энэ удаад тус жүжгийн Фэн Шягийн дүрд тоглож буй залуу жүжигчин Б.Должинсүрэнтэй ярилцсаныг хүргэж байна. 
May be an image of 1 person, braids and text
Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Намайг Бямбадоржийн Должинсүрэн гэдэг. 2020 онд Төрийн соёрхолт Н.Наранбат найруулагчийн удирдлага дор жүжигчин мэргэжлийг эзэмшин төгссөн.
Та Амьдрахуй жүжигт тоглож байгаа. Сургуулиа төгссөнөөс хойш ямар уран бүтээлүүдэд тоглож байсан бэ?
Анх сургуулиа төгсөөд Орфей театрын бүтээл “Гэм зэм” жүжигт ажиллаж байсан. Түүнээс хойш авсан анхны маань дүр гэж болно. Түүгээрээ их онцлог байлаа. Их ур чадвар, мэдлэг шаардаж байгаа.  Мөн өмнө нь дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээж байсан.
Анх танд энэхүү жүжигт тоглох саналыг хэн, хэрхэн тавьсан бэ. Та бас яаж хүлээж авч байв?
Наймдугаар сарын эхээр Орфей театрын продюсер Ариунчимэг багш маань холбогдсон. Тэр даруйд нэг их цааргалаагүй, зөвшөөрч ирж зохиолтойгоо танилцаад бусад залуу жүжигчдийнхээ адилаар проб өгөөд ажиллахаар болж байсан юм.
 
Жүжгийн зохиолтой танилцахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Уй Хуагийн “Амьдрахуй” туужийг 2019 онд уншиж байсан санаж байна. Тэр үед уншихад “миний туулж байгаа амьдрал, мэдэрч байгаа зовлон зохиол дээр гарч байгаа хүний хажууд юу ч биш юм байна шүү  дээ” гэж бодсон. Тэгээд түүнээсээ урам зориг авч амьдарсан гэж болно. Би гэрэл гэгээг олж харсан. “Гол дүрийн эрэгтэй Фүй Гүй асар их зовлон, хагацлыг туулсан ч тэсээд амьдраад байхад би яагаад ингэж сууна вэ” гэдэг асуултыг өөрөөсөө асууж байсан. Тэгээд л өнөөдөр амьдралдаа хайртай, амьдралд ирсэн бүхэндээ талархалтай хандаж сайхан амьдрах гэж хичээж явна даа.
Та энэ удаагийн жүжигт ямар дүр дээр ажиллаж байна вэ. Ажиллахад хэр хүндрэлтэй байна. Мөн ямар мэдрэмж төрж байна вэ?
Амьдрахуй жүжгийн гол дүрийн эрийн охин болох Фен Шягийн дүрд тоглож байна. Багадаа их сэргэлэн цовоо, ухаантай, эрх танхил охин байсан. Гэтэл гэнэтийн тохиолдлоор сонсох, ярих чадвараа алддаг.
Хэл үгүй, сонсгол үгүй хүний дүр дээр ажиллана гэдэг өөрөө маш хэцүү. Хүнд хэлэхгүйгээр, мэдрэмжээ ярихгүйгээр тэр эмэгтэйн доторх ертөнцийг үзэгчдэд үзүүлэх, мэдрүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс нарийн бодож харж, мэдэрч бие болон сэтгэлзүйн үйлдлээр энэхүү дүрийг гаргах гэж хичээж байгаа. Маш их алдаа дутагдал, мэдэхгүй, чадахгүй зүйлс гарч байна. Шантарна, уйлна. Найруулагч болон бусад мундаг, үлгэр дуурайлал болсон уран бүтээлчдээс тусламж, зөвлөгөөг авч ажиллаж байна. Мөн хамгийн их тус болж буй нэг хүчин зүйл бол манай гэр бүлийнхэн. Энэ олон хүчин зүйл, урмын үг, итгэлийн харц болгоны хүчээр дүрээ амьдруулах гэж хичээж явна даа.
Сая дурдсанчлан бидний эргэн тойронд хөгжлийн бэрхшээлтэй иргэн маш олон бий. Гэтэл бид бас нэлээн хүйтэн хөндий хүмүүс юм. Хэлдэг, ярьдаг хэр нь бие биедээ тусалж, сэтгэлээ илэрхийлж чаддаггүй шүү дээ. Энэ тал дээр та ер нь ямар бодолтой явдаг вэ?
Өмнө нь би зүгээр л бодоод өнгөрдөг байсан юм билээ. Ийм хүмүүс бидний эргэн тойронд байдаг даа гэдгийг л мэддэг байсан. Одоо уг дүр дээр ажиллах явцдаа тэр хүмүүсийн дотоод сэтгэлийг илүү гүнзгий ойлгож эхэлж байна. 
Би Фен Шягийн оронд байсан бол гэж бодоход хэлэх, илэрхийлэх маш олон зүйл миний дотроос цухалдаж байгаа юм. Жүжгийн аав даа, ээждээ хэлэх үг надад байна. Айлд зарцлагдаад явахдаа хүртэл үнэн сэтгэлээсээ хэлэх үг надад түм бум байсан. Гэвч түүнийгээ хэлж чадахгүй. Яг тэр бугшсан, адгийн мэдрэмж хүмүүсийн дотор бодит амьдрал дээр ч байна гэж бодохоор үнэхээр гунигтай. Энэ жинхэнэ гуниг байх.
Энэ хүмүүстэй яаж харилцах ёстой вэ гэхээр эрх тэгш байдал гэж бид хэлдэг. Гэтэл үүнийг хэлэхэд амархан, биелүүлэхэд хэцүү юм байна. 
Би хэдхэн хоногийн өмнө алхаж яваад дохионы хэлээр ярилцаж буй хоёр хүнтэй таарсан юм. Тэр үед яагаад ч юм зориг гаргаад утсан дээрээ зурвас бичиж уншуулсан. “Би ийм хүний дүр дээр ажиллаж байгаа юм аа. Та надад тус болооч ээ” гэж бичээд ямар мэдрэмж авдаг тухайгаа л цухас дурдаад өгөхийг гуйсан юм. Хариуд нь тэр хоёр “Бид сонсохоос бусдыг чадна. Бид адилхан хүн” гэж хэлсэн. Энэ үг миний сэтгэлийг маш их өвтгөсөн. Мөн тэр хэрээр би тэдгээр хүмүүсийг хайрласан. Маш их хайрласан. 
Гайхалтай юм. Энэ мэтчилэн хүний сэтгэлийн утсыг хөндсөн олон үзэгдэл уг жүжигт ч мөн гарах байх. Тэгвэл асар олон сэрэл, мэдрэмжийг багтаасан “Амьдрахуй” жүжгийн найруулагч М.Батболд гэж хүнийг та хувьдаа хэрхэн ажиглаж байна вэ. Жүжигчидтэйгээ ажиллахдаа, зохиолтойгоо ажиллахдаа ч гэдэг юм уу. Тавилтуудыг нь үзэгчид хүлээдэг боллоо шүү дээ. 
Би найруулагчтайгаа хоёр дахь уран бүтээл дээрээ хамтарч ажиллаж буй залуу жүжигчин. Энэ хугацаанд анзаарсан нь жүжигчин, найруулагч гэдэг хоёр хүний хооронд нарийн холбоосыг үүсгэдэг. Сэтгэл зүй дээр нь ажилладаг. Тусалдаг, ярилцдаг, сонсдог. Тийм ч учраас  уран бүтээлүүдэд нь жүжигчид үнэн сэтгэлээсээ, хамаг нөөц бололцоогоороо ажилладаг байх гэж боддог. 
М.Батболд найруулагч өөрөө уч зөөлөн, баригдмал биш сэтгэхүйтэй учраас “заавал уянгын драм гэхээр л тийм байдаг” гэдэг өнцгөөс өөрөөр тавьж байгаа гэж харж байгаа. Тайз засалтын шийдэл, гэрэл, хөгжим, хувцас бас жүжигчид. Мөн нэгэн зүйлийг онцгойлж хэлэхэд хүнтэй яг л хүн гэдэг утгаар нь харьцдаг. 
Ярилцлагынхаа төгсгөлд та Амьдрахуй жүжгийг үзэх шалтгааныг хэлж өгөхгүй юу. Та энэхүү жүжгээс юуг мэдрээсэй гэж хүсэж байна вэ?
Бид бүгдээрээ л эх орныхоо нийслэл хотод, утаатай, түгжрэлтэй, бухимдалтай амьдарч байна. Хүмүүс “ийм байсаар байтал яагаад ийм хагацал, зовлонтой жүжиг тавих гээд байна вэ” гэж бодож байж болох юм. 
Гэтэл угтаа энэ нь зовлон биш. Үүний цаана ч өшөө том зүйл бий. Тийм учраас харанхуйгаас ч гэсэн гэрлийг олж харах тэр сэтгэлийн тэнхээг өгөх байх гэж бодож байна. 
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажил, уран бүтээлд өндөр амжилт хүсье. 
А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу