АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг “Тэр Оростой Украины дайныг зогсоох “хэлэлцээр хийхээс татгалзаж байна” гэж шүүмжилжээ.

Трамп Хойд Каролинагийн Минт Хилл хотод сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлсэн үгэндээ “Бид хэлэлцээр хийхээс татгалзсан Зеленскийд олон тэрбум ам.доллар өгсөөр байна. Түүнд устаж буй, дахин босгох боломжгүй улс байна” гэж онцолжээ.

Трамп Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарыг Украиныг дэмжиж байгааг шүүмжлээд, дахин сонгогдвол тус улсад үзүүлж буй АНУ-ын тусламжийг зогсоохоо дахин илэрхийлсэн байна.

Тэрбээр “Хэрвээ бид энэ бүхнийг өдөөсөн ерөнхийлөгчийн оронд чадварлаг ерөнхийлөгчтэй байсан бол хэлэлцээр хийж болох байсан. Байден, Камала нар урьд өмнө байгаагүйгээр Зеленскийг мөнгө, зэвсгээр “тэжээж”, ийм зүйл хийхийг зөвшөөрсөн” гэж хэлжээ.

Трамп Украины удирдагчийн талаар хэлэхдээ “Тэр манай улсад ирэх болгондоо 60 тэрбум ам.доллар аваад явчихдаг. Тэр магадгүй дэлхий дээрх хамгийн агуу худалдагч байх” хэмээсэн байна.

CNN-ийн мэдээлснээр, Украины удирдагч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-д ирээд байгаа ч Трамп, Зеленский нар уулзах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Зеленский Ням гарагт “Нью Йоркер” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Трамп Ерөнхийлөгч байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “маш сайн харьцдаг” бөгөөд “түүнтэй маш олон удаа ярьсан” гэж дахин хэлжээ.

Трамп 2016 оны сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон тухай АНУ-ын тагнуулын мэдээллийн талаар Оросын ерөнхийлөгчийн талд байсан бөгөөд Путиныг магтсаар ирсэн юм.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу