Цахим орчинд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдийг загнаж, цохисон жолооч эмэгтэйн бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй. Бичлэгт чихэвч зүүсэн өсвөр насны хүүхдийг LEXUS 600 маркийн автомашины жолооч мөргөх шахсаны дараа машинаасаа бууж, загнаж бухимдаж буй нь бичигджээ. 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болсон уг асуудлыг цагдаагийн байгууллагаас өчигдөр (2024.09.25) шалгаж эхэлсэн. Харин өнөөдөр тухайн жолоочийг 300 мянган төгрөгөөр торгосон гэх мэдээлэл цахим орчинд гараад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр үйлдэгдсэн зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн. Зөрчил гаргагчийг буюу тээврийн хэрэгслийн жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан” гэх мэдээллийг өглөө. 

Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу