Уулчин, Барилгын зөвлөх инженер Б.Батхишиг Гималайн нурууны 8163 метр, дэлхийн найм дахь өндөрлөг Манаслу оргилд амжилттай гарчээ. Тэрбээр есдүгээр сарын 24-ний өглөө 05.08 цагт оргилдсон юм.
Ингэснээр тэрбээр Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болж байна.
Түүний хувьд 2023 оны тавдугаар сарын 18-нд дэлхийн дөрөв дэх өндөр оргил 8516 метр өндөр Түвдийн Лхоце оргилд гарч байжээ. Лхоце оргилд гарсны дараагаар дахин нэг 8000 метрийн өндөр оргилд гарна гэсэн зорилго өөртөө тавьсан байна.

Гэвч бие нь сайжрахгүй явсаар 2023 оны аравдугаар сард хөхний хорт хавдраар өвчилснөө мэдэж, 12 дугаар сард мэс засалд орсон аж. Улмаар 2024 оны зургаадугаар сард хавдрын эмчилгээгээ бүрэн хийлгэж, эмчлэгджээ.

Уулчин Б.Батхишиг хорт хавдартай, хорт хавдрыг даван туулж яваа хүмүүст урам зориг өгөх, хүн өөрөө хүсэж, зоригтой байвал зорилгодоо хүрч чаддаг гэдгийг харуулах гэж энэхүү авиралтыг хийсэн гэж ярьсан байна. 

Тэрбээр Монголоос ганцаараа явсан бөгөөд “8kexpeditions”-ийн авирагч, шерпа нарын хамт нийт 34-үүлээ оргилд гарч чаджээ.


СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу