Анх эхлүүлсэн туршилт нь бизнес болтлоо өргөжиж, өөрийн гэсэн компаниа байгуулсан 18 настай А.Тэлмүүнийг энэ удаагийн ярилцлагын буландаа онцоллоо. Тэрбээр зүгээр сууж чаддаггүй, ямар нэгэн юм хийж л байвал санаа нь амардаг, тууштай зан нь түүнийг амжилтад хөтөлсөн байна.

-Яагаад бизнес эхлүүлье гэж бодсон бэ. Шагай шиг хэлбэртэй шоколад хийх санаагаа анх хэрхэн олсон бэ?

-Би энэ хавар ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд л шууд гадаад явж их дээд сургуульд суралцана гээд бат итгэчихсэн байсан. Тэгээд чемодантай хувцсаа бэлдээд, явах бэлтгэлээ хангаад байж байтал визэнд маань асуудал гарсан. Визнийхээ асуудлыг зохицуулаад яг явах гэж байтал сургуулиас маань “Бүртгэлээсээ хоцорсон байна. Арванхоёрдугаар сард ирээрэй” гэсэн мэйл ирсэн. Виз хөөцөлдөх, тийз захиалах гээд маш их мөнгө зарлагадсан болохоор хэсэг сэтгэлээр унасан.

Гэсэн ч сургууль руугаа явтлаа юу хийх үү, ямар нэгэн юм хийх ёстой гэж бодсон. Хэдхэн сарын сарын хугацаанд барилга дээр ч юм уу ажиллаж болох л байсан. Гэхдээ шинэ юм эхлүүлээд үзье гэж шийдсэн. Тэгээд нэг өдөр Бөмбөгөр худалдааны төвд юм цуглуулж явж байгаад шагайны хэв харсан. Энэ хэвээр шоколад хийж болох юм байна гэсэн санаа анх төрсөн. 

Санаагаа хэрэгжүүлж, туршиж үзсэн. Тэрийгээ гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ амсуулахад тэдэнд маш их таалагдсан. Мөн байрны үсчин эгч хамгийн эхний захиалгыг өгсөн. Үүнээс урам авч, хуучин ашигладаг байсан фейсбүүк хуудасныхаа нэрийг “ҮЖИН катеринг” болгон өөрчлөн, зар байршуулж эхэлсэн. Гэтэл миний төсөөлснөөс хэд дахин их захиалга орж ирсэн нь надад маш их урам болсон. 

-Дөнгөж ЕБС-иа төгсөж буй хүүхдэд материал цуглуулах мөнгө асуудал болсон байх. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Бизнесээ эхлүүлэх материалын санхүүжилтээ яаж босгох вэ гэж бодож байгаад эмээдээ энэхүү санаагаа хэлсэн. Манай эмээ Солонгост амьдардаг. Намайг ирэхийг хүлээж байсан юм л даа. Эмээгээс “хүү нь эргүүлж өгнө өө” гэж хэлээд 500 мянган төгрөг зээлсэн. Энэ мөнгөөрөө хэв, шоколад, хайрцгаа худалдаж аваад л анх эхэлж байлаа.

-Одоо шоколадаа ганцаараа хийж байна уу?

-Эхлээд цөөхөн захиалга орж ирдэг байхад нь ганцаараа хийдэг байсан. Сүүлдээ захиалгадаа дарагдаж, хүч дутаад эхэлсэн болохоор ээжээрээ туслуулсан. Гэрийнхээ гал тогоонд хийдэг. Одоо бол ээж миний ажилтан болж, гэртээ шоколадаа хийж, би гадуур хүргэлтдээ явж байгаа. 

-Анх ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

-Анх шоколад хийх техникээ олохгүй, бутрах тохиолдлууд гарч байсан. Мөн захиалга авч, хүргэлт хийгээд очихоор утсаа авахгүй ч юм уу асуудлууд их гарсан. Одоо үүнийг шийдэж, зохицуулаад сурч байгаа. 

-Ямар нэгэн хөгжилтэй явдал тохиолдож байв уу?

-Шоколадныхаа материалыг авахаар Бөмбөгөр худалдааны төв рүү явж байсан юм. Би хүргэлт, материалдаа явахдаа ихэвчлэн скүүтер ашигладаг. Скүүтертэй явж байгаад Бөмбөгөр худалдааны төвийн зогсоолын хаалт дээшээ өргөгдсөн байхаар нь доогуур нь гарах гэж байтал хаалт нь яг нүүрэн дээр буугаад ирсэн. Маш их өвдөлт мэдрээд, эргэн тойрноо хартал зөндөө хүн байсан. Тэгээд бантсандаа би тэр чигтээ харьчихсан. Материалаа ч авч чадаагүй, нүд орчим памбайж хавдсан хүндхэн хөгжилтэй явдал байдаг. 

Шоколадаа хүргэж өгөхөөр хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ” гээд шоколадны мөнгөнөөс гадна гарын мөнгө өгдөг. Энэ нь надад гоё санагддаг. 

-Арванхоёрдугаар сард гадаад руу сурахаар явах юм байна. Бизнесээ яах бодолтой байгаа вэ?

-Манай аав хөдөө байгаа, удахгүй ирнэ. Аав, ээж хоёртоо бизнесээ үлдээе гэж бодож байгаа. Цаашдаа олон нэр төрөл гаргаад фейсбүүкээр захиалга авч зарахаас гадна дэлгүүрүүдээр түгээлт хийнэ. Мөн үйлдвэртэй болж үйл ажиллагаагаа явуулъя гэж бодож байгаа. 

-Шоколадаа яагаад “ҮЖИН катеринг” гэж нэрлэсэн бэ?

-Яагаад “Үжин” гэж нэрлэсэн бэ гэхээр би эцэг, эхээс тавуулаа. Эхний дөрөв нь хүү, бага нь охин. Охин дүүг маань Үжин гэдэг. Манай компанийн нэрийг “Нандин Үжин Цэцэгс” гэдэг. Захирал нь би (инээв). Үеийнхээ хүүхдүүдээс илүү амжилттай явж байгаа юм болов уу гэж боддог. 

-Бүтээгдэхүүнийхээ хэлбэр хэмжээ, орц найрлагыг танилцуулахгүй юу?

-Хамгийн их борлуулалттай “best seller” бүтээгдэхүүн маань 10 ширхгээр савлагддаг шоколад маань байгаа. Уутан дээр нь хүссэн үг, зургаа хэвлүүлэх боломжтой. Хүүхдийн гар цайлгахад тохиромжтой байдаг. Үнийн хувьд 2500 төгрөгөөр худалдаалж байна. 50 ширхэгтэй, шоо хэмжээтэй хайрцагтай шоколадны хувьд 10 мянган төгрөг, 500 граммаар савласан шоколадаа 25 мянгаар худалдаалж байгаа. Хүний гар цайлгах, тавгийн идээ засахад маш гоё өнгө үзэмжтэй. Удахгүй олон төрөл болгож төрөлжүүлнэ.

Орц найрлагын хувьд 70 хувийн цэвэр какаотой, орос товчин шоколадаар хийдэг. Гадуур зарагддаг хольцтой шоколаднуудаар хийх гэж үзсэн боловч хайлахгүй байсан. Тиймээс сайн судалж байгаад орос шоколад сонгон хийж байгаа. 

-Үеийнхээ хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Үеийнхэндээ хандаж хэлэхэд бодож буй зүйлээ туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Хэрвээ би үүнийг хийгээд хэн ч аваагүй байсан бол энэ болохгүй юм байна гээд өөр зүйл туршиж үзэх л байсан.

-Ярилцлагын төгсгөлийн үгийг чамд үлдээе.

-Миний хийж буй шоколад ямар ч химийн найрлага, хор байхгүй. Цэвэрхэн, аюулгүй орчинд хийдэг шүү. Та бүхэн сонирхвол ҮЖИН катеринг фейсбүүк хуудас руу чат бичээрэй.

Өдийг хүртэл худалдан авалт хийсэн хүн бүхэнд баярлалаа.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу