Дэлхийн аялал жуулчлалын өдөр өнөөдөр /2024.09.27/ тохиож буй. Үүнтэй холбогдуулан улс орнууд “Аялал жуулчлал ба энх тайван” уриан дор тус өдрийг тэмдэглэж байна. 

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн 154 орон 1980 оноос, харин Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болжээ. Манай улс энэхүү өдрийг 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байгаа юм.

Испани улсад анх 1979 онд болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгохоор шийдвэрлэжээ.

Манай улсын хувьд 1956 оны 7 дугаар сард ЗХУ-ын 15 жуулчинг 9 хоног аялуулахаар хүлээн авсан нь зохион байгуулалттай анхны аялал байв. Мөн оны 10 дугаар сард Прага хотноо болсон “Социалист орнуудын жуулчдын байгууллагын анхдугаар бага хуралд Монголын төлөөлөгчид оролцон, жуулчин хүлээн авах гэрээг 10 орчим оронтой байгуулсан аж. Удалгүй 1962 онд Тэрэлжид, 1964, 1968 онд Өмнөговь аймагт анхны жуулчны баазуудыг байгуулсан бөгөөд тухайн үеийн аяллын чиглэлд Улаанбаатар хот, Ёлын ам, Хонгорын элс, Орхоны цутгалан, Хужирт, Хархорин, Тэрэлж, Сонгино, Сөгнөгөр хэмээх газрууд хамаардаг байсан түүхтэй.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, бодлого хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу