Энэ долоо хоногийн /2024.09.23-27/ онцлох ярицлагуудаас тоймлон хүргэж байна. 
Б.Батжаргал: Тэрбум төгрөг зарцуулж, цалингүй НИТХ-д сонгогдсон хүн “цавчаа” хийж л мөнгөө буцааж олно
Залуучууд эх орон, нийслэл хотдоо амьдрахад тулгамдаж буй олон асуудлыг шүүмжилж, дийлэнх нь харийн орныг зорих хүсэл тээж яваа нь нууц биш. Магадгүй нийслэлийн өнөөгийн төрх болох түгжрэл, утаа, хог шороондоо дарагдсан байгаагийн нэг шалтгаан нь залуучууд улс төр сонирхдоггүй, оролцдоггүйтэй холбоотой ч байж болох юм. Улаанбаатар хотын унаган иргэн Б.Батжаргал бага насанд нь тулгамддаг байсан өнөө л асуудлууд одоо ч шийдэгдээгүйг бодож, хотоо өөрчлөхөд өөрөө гар бие оролцохоор шийджээ. 36 настай тэрбээр НИТХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшихээр болж, мандатаа авсан ч цагдаагийн байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн байна. Залуу хүн нэр дэвшихэд гарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар түүнтэй ярилцлаа. 
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт “ХҮН” намаас нэр дэвшиж байгаа юм байна. Яагаад нэр дэвшихээр болсон бэ?
-Аргагүйд хүрээд нэр дэвшиж байна. Би Улаанбаатар хот, тэр дундаа Баянгол дүүрэгт төрж, өссөн. Намайг хүүхэд байхад нийслэлд тулгамддаг байсан асуудлууд одоо ч шийдэгдээгүй, хэвээр байна. Жишээ нь, Утаа, түгжрэл бахь байдгаараа. Дугуйн зам алга. Тэр бүү алхаад явах явган хүний зам ч хэцүүхэн байна. Хүүхдээ гаргаад салхилуулах талбай байхгүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага. Олон жил ийм байдалтай явсаар ирлээ. Эдгээрийг шийдэхээр НИТХ-д сонгогдсон хүмүүс өнөөг хүртэл яг юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй. Тийм учраас би нийслэлээ хөгжүүлэх эцсийн арга нь өөрөө оролцох юм байна гэж бодсон. Ингээд ХҮН намаас нэр дэвшихээр мандатаа аваад байна.
-Сонгуулийн ажлаа хийгээд явж байхад нь цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар цахим хуудастаа бичлэг оруулсан байсан. Юу болсон юм бэ?
-Намаасаа нэр дэвших эрхээ авчихаад хандивын данс нээсэн юм. Мөнгөгүй, залуу хүний хувьд дэмжигч, найз нөхөд, эргэн тойрныхоо хүмүүсээс хандив цуглуулахаар хандивын дансныхаа талаар мэдээллийг цахим хуудастаа оруулсан. Гэтэл эрх баригчдын төлөөллүүд намайг цагдаад өгчихсөн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудаад, “Та хууль зөрчсөн байна. Нэр дэвшилтээс нэрийг тань татах үндэслэл бий болсон. Мэдүүлэг өгөөрэй” гээд дарамт учруулаад эхэлсэн.
-Ямар үйлдлийг нь хууль зөрчсөн гэж үзсэн бол. Та хандивын данстай холбоотойгоор бичлэг хийхдээ юун тухай ярьсан бэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 төлөөлөгчтэй байдаг. Энэ хүмүүсийг нийслэл хотын бүхий л асуудлыг шийд гээд иргэд төлөөллөө болгоод явуулж байгаа. НИТХ-ын төлөөлөгчид ямар ч цалин, урамшуулал авдаггүй. Шууд хэлэхэд, иргэдийнхээ төлөөлөл болоод сайн дураараа ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос НИТХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчийн зарцуулж болох зардлын дээд хэмжээг  863 сая төгрөг гэж гаргаж ирсэн. Ойролцоогоор тэрбум орчим төгрөг гэсэн үг. Иргэдийн төлөөлөл болохын тулд өөрөөсөө нэг тэрбум төгрөг гарган, сурталчилгаа хийж, тараах материал хэвлэж, “А” самбар байршуулсан хүн сонгогдоод цалин авахгүйгээр ажиллана гэж байх уу. Логикийн хувьд боломжгүй. Сонгуульд зарцуулсан мөнгөө буцааж олохын тулд эрх ашгийн тоглолтууд, цавчаа хийж, ёс бус шийдвэрүүд гаргаж эхэлнэ. Би энэ асуудлыг хөндөж, ярьсан юм.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

Видео хэлбэрээр үзэх: 

М.Содбаяр: Эх оронч үзэлтэй ч тэтгэлэгт тэнцсэн алтан боломжийг алдахыг яасан ч хүсээгүй
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ…” хэмээн Д.Нацагдорж найрагч тэртээ он жилүүдэд хүний нутгийг зорихдоо бичсэн нь түүхийн шаргал хуудсанд тэмдэглэн үлдсэн байдаг. Монголчууд дээрх шүлэгт дуртай. Тэр ч үүний адилаар их газраас эрдэм өвөртлөхөөр зорьсон. Тэр гэдэг маань Унгар улсын “University of Pecs” сургуульд Computer science engineering буюу Компьютерын шинжлэх ухааны инженерчлэл мэргэжлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутан Мөнхсайханы Содбаяр юм. 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, залуусын боловсролыг дэмжиж, дэлхийн шилдэг боловсролтой монгол хүн бэлтгэх зорилгоор “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингээд түүний баяр хөөр, шинэ орчин, зорилго тэмүүллийн талаар хуваалцсанаа хүргэе.
-Юуны өмнө олон аавын хүүхдээс “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, сургалтын төлбөрийн тэтгэлэг авсанд халуун баяр хүргэе. Тэтгэлэгт тэнцсэн мэдээг анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх тэтгэлэгт тэнцсэн тухайгаа сонсоод итгэж өгөхгүй их баярласан. Миний хувьд амьдралын минь хамгийн гоё мөчүүдийн нэг байсан. Тэгээд л хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ хэлэхийг хүсдэг юм билээ.
-ЕБС-иа хаана төгссөн бэ. Сурагч байхдаа ямар хүүхэд байв?
-Би Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуульд 12 жил суралцаж төгссөн. Тэр үеийн өөрийгөө тодорхойлбол нийтэч, шартай, болж өгвөл бүх юманд гар бие оролцох хүсэлтэй хүүхэд байсан. Энэ зан араншин минь намайг их нээлттэй хүн болгох түлхэц болсон гэж боддог.
-Яагаад Компьютерын шинжлэх ухааны инженерчлэл мэргэжлийг сонгосон бэ?
-Өнөөгийн Монгол улсад төдийгүй дэлхийд тэргүүлэгч салбар бол мэдээллийн технологи. Тэр дундаа инженерчлэлийн мэргэжлүүд их эрэлттэй байгаа. Боловсрол эзэмшээд эх орондоо ирэхэд ихийг хийж бүтээх бүрэн бололцоотой санагдсан тул сонгосон.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу. 
Д.Дүүрэнжаргал: Амьдралдаа хийсэн хамгийн “күүл” алхам минь болж чадлаа
Дурсамж гэдэг зүрх, дурсамж гэдэг сэтгэл, дурсамж гэдэг тархи. Дурсамж бол цаг хугацаа. Гэрэл цацрах ялалт. Эргээд харахад цэл дүүрэн цэлэлзэж байдаг “өчигдөр”. Бас ирээдүй…
Дурсамж үргэлж тэр хивэндээ байдаггүй. Нэг л мэдэхэд түүх болон хадгалагдан үлддэг. Энэ л түүх болон үлдэх дурсамжаа бүтээж яваа бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Дамдины Дүүрэнжаргал гэдэг. Тэрбээр Зүүний эмч (acupuncturist) мэргэжлээр Австрали улсад ажиллаж, амьдардаг.
“Outlaw” хамтлагийн дууг багаасаа сонсож, дуулж өссөн үнэнч шүтэн бишрэгч гэнэ. Үүнийгээ ч “Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолтын үеэр батлан харуулсан гэхэд хилсдэхгүй. Учир нь 10 мянган километрийн холоос энэ л тоглолтыг үзэх зорилго тээн иржээ.
-“Outlaw” хамтлагийн тоглолтын үеэр тайзан дээр гарахад хэр догдлов. Хүндэлж, хайрлаж явдаг дуучнаасаа цэцэг авах мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-“Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолт ялангуяа фенүүдийнх нь хувьд зүрх сэтгэл догдлуулсан маш гайхамшигтай өдөр болсон. Миний хувьд тайзан дээр гарч, шүтдэг хамтлагийнхантайгаа дуулах, бага насныхаа крашаас цэцэг авах мөч үгээр хэлэхийн аргагүй байсан. Мөрөөдөл минь биелж, сайхан дурсамжийг бүтээсэндээ маш их баяртай байна. 
-Австрали улсаас Монголд ирэх зорилго нь “Outlaw” хамтлагийн тоглолт үзэх л байв уу?
-“All in Hit” тоглолт болох үеэс л очиж үзмээр санагдсан. Тэгтэл  “Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолт болох гэж байгааг дуулаад маш их бодсоны эцэст тоглолт болохоос хоёр хоногийн өмнө онгоцны тасалбараа захиалж, амжиж ирж чадсан. 10 мянган км-ийн холоос ирсэн, шүтэн биширдэг хамтлагтайгаа тайзан дээр дээр дуулах тэр мөчийг мөнгө, цаг хугацаа, юутай ч зүйрлэшгүй юм. 
Амьдралдаа хийсэн хамгийн “күүл” алхам минь болж чадлаа гэж би маш их баяртай байгаа. 
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Видео хэлбэрээр үзэх: 

Б.Должинсүрэн: Сонсголгүй, хэлгүй хүний дотоод сэтгэлийг бусдад мэдрүүлнэ гэдэг үнэхээр хүнд сорилт
Ертөнцийн хамаг сайхан өнгө төрхийг бид харж, мэдэрч, бас ойлгож амьдардаг. Улирал солигдох мөчийн тансаг өнгө, гэрэл. Хүрээлэн буй орчны аялгуут  эгшиг хөгийг мэдэрч, түүгээр сэтгэлээ тэжээж яваа амьтан гэж болно. Тэгвэл биднээс арай өөр хүмүүс ч зэрэгцэн оршдог. Тэд сонсохгүй, харахгүй бас ярихгүй байж болно.
Хэдий тийм байлаа ч аниатай нүдэн дотроо төсөөлж харсан, дүлийрсэн их орон зайд өөрийн гэсэн дуу чимээг сэтгэлдээ чагнасан асар их тэсвэр тэвчээр гэрэл өөд мацаж буй юм шүү. Энэ л мэдрэмж, сэтгэл хийгээд хүмүүний амьдралын зовлон, баяр бүх л зүйлийг өгүүлсэн нэгэн шинэ жүжиг тайзнаа тавигдахад бэлэн болжээ. 
Энэ бол алдарт Амьдрахуй туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжиг юм. “Амьдрахуй” жүжгийн зохиолыг зохиолч, яруу найрагч Мө.Батбаяр бичиж, М.Батболд найруулжээ. 
Бид энэ удаад тус жүжгийн Фэн Шягийн дүрд тоглож буй залуу жүжигчин Б.Должинсүрэнтэй ярилцсаныг хүргэж байна. 
May be an image of 1 person, braids and text
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Бямбадоржийн Должинсүрэн гэдэг. 2020 онд Төрийн соёрхолт Н.Наранбат найруулагчийн удирдлага дор жүжигчин мэргэжлийг эзэмшин төгссөн.
-Та Амьдрахуй жүжигт тоглож байгаа. Сургуулиа төгссөнөөс хойш ямар уран бүтээлүүдэд тоглож байсан бэ?
Анх сургуулиа төгсөөд Орфей театрын бүтээл “Гэм зэм” жүжигт ажиллаж байсан. Түүнээс хойш авсан анхны маань дүр гэж болно. Түүгээрээ их онцлог байлаа. Их ур чадвар, мэдлэг шаардаж байгаа.  Мөн өмнө нь дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээж байсан.
-Анх танд энэхүү жүжигт тоглох саналыг хэн, хэрхэн тавьсан бэ. Та бас яаж хүлээж авч байв?
-Наймдугаар сарын эхээр Орфей театрын продюсер Ариунчимэг багш маань холбогдсон. Тэр даруйд нэг их цааргалаагүй, зөвшөөрч ирж зохиолтойгоо танилцаад бусад залуу жүжигчдийнхээ адилаар проб өгөөд ажиллахаар болж байсан юм.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Видео хэлбэрээр үзэх: 

Д.Ганцэцэг: “Амьдрахуй”-г үзсэн хүмүүс биесээ харахгүй, хүрэлцэхгүйгээр хүртэл хайрлаж байгаагаа мэдрэх болов уу
“Амьдрахуй”. Нэрээсээ эхлээд л хүний оршин байх хугацааны хамгийн олон үйл явдал, мэдрэмжүүдийг багтаасан хятадын зохиолч Уй Хуагийн “Амьдрахуй” туужийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл эл туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг Орфей театрын хамт олон үзэгчдэд толилуулахад бэлэн болоод байна.
Энэ удаад Монголын ард түмэн, үзэгч олонд “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээр хоногшин үлдсэн МУГЖ Д.Ганцэцэгтэй жүжгийн сургуулилт дундуур хоромхон ярилцсаныг хүргэж байна. Тэрбээр “Амьдрахуй” жүжгийн Жя Жэн буюу гол дүрийн эхнэрийн дүрд тоглож буй.
Биднийг Соёлын төв өргөөний хойд хаалгаар орвол ёстой л бум бужигнаж түм түжигнэж байлаа. Найруулагч Батболд, Ерөнхий зураач Баярмагнай нар үзэгчдийн суудалд сууж, харин тайзан дээр жүжгийн бэлтгэл өрнөж байлаа. Жүжигчдийн харц болоод амьсгал нь мэдрэгдэхүйц анир гүм угтан авсанд зураглаач бидэн саад болохгүйг хичээн хөдөлгөөнөө сойн гэдэргэ алхсан юм.
Удалгүй бэлтгэл дуусаж ярилцлага хийхээр зэхсэн ч Д.Ганцэцэг жүжигчин маань нэг л хэвийн байдалдаа орж чадаагүй бололтой хэсэгхэн зуур агаар амьсгалж, гадна зогсмоор байгаагаа хэлсэн юм. Түүний сэргэлэн цовоо, гал цогтой харцыг энэ удаагийн тайзнаас тэс ондоо болоод бууж ирэхийг ажсан юм. Ингээд бодохоор жүжигчин хүн өөртэйгөө тэрсэлдээд ч хамаагүй дүрээ амилуулах гэж хичээдэг болой.
NEWSWIRE
“Анх “Амьдрахуй” туужийг уншиж байхдаа би номыг нь газар чулуудаж байсан. Саяхан найруулагч надад санал тавихад нь хүртэл хүлээж аваагүй байсан юм” хэмээн ярих түүний сэтгэл санааг чухам юу өөрчилж, жүжигт тоглохоор болсныг, бас жүжгийн өрнөл түүнд юуг мэдрүүлсэн тухайг бидний ярилцлагаас хүлээн авч уншаарай.
Анх М.Батболд найруулагч танд жүжигт тоглох саналыг тавихад та ямар хариулт хэлсэн бэ?
– Хамгийн анх би Уй Хуагийн Амьдрахуй туужийг уншаад газар шидэж байсан юм. Амьдралын гэх их далайн их зовлонг туулж, мэдэрч  л байхад яагаад нэг хүний, тэр тусмаа хятад хүний зовлонг би уншаад сууж байна вэ гэж бодсон. Уур ч хүрч байсан. Удалгүй юм даа, жил орчмын дараа М.Батболд найруулагч над руу залгаад санал тавихад нь шууд үгүй гэж хэлсэн. Яагаад гэхээр нэгдүгээрт номыг нь уншаад шидэж байсан би дахин тэр зохиолд нэвчих орно гэдэг утгагүй санагдсан. Хоёрдугаарт найруулагчтайгаа сүүлийн хэдэн жил багагүй жүжигт хамтран ажилласан болохоор “за хоёулаа хэсэгтээ тусдаа байя. Өөр жүжигчид олоорой” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй, сарын дараа дахиад залгасан. Ганаа эгч ээ, танаас өөр тоглох хүнгүй байна аа гээд. Тэгээд яах вэ, би жүжгийн зохиолыг нь уншъя гэсэн юм.
Гэтэл зохиолч, яруу найрагч Мө.Батбаярын жүжгийн зохиолыг, тайзны үзэгдлийг киноны кадр, сцен шиг болгосон бичиглэл нь надад таалагдсан. Зохиол нь таалагдсан учраас би эргэж залгаад зөвшөөрсөн юм даа.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Видео хэлбэрээр үзэх: 

 
А.Тэлмүүн: 18 насандаа компаниа байгуулж, ээжийгээ цалинжуулан ажиллуулж байна
Анх эхлүүлсэн туршилт нь бизнес болтлоо өргөжиж, өөрийн гэсэн компаниа байгуулсан 18 настай А.Тэлмүүнийг энэ удаагийн ярилцлагын буландаа онцоллоо. Тэрбээр зүгээр сууж чаддаггүй, ямар нэгэн юм хийж л байвал санаа нь амардаг, тууштай зан нь түүнийг амжилтад хөтөлсөн байна.
-Яагаад бизнес эхлүүлье гэж бодсон бэ. Шагай шиг хэлбэртэй шоколад хийх санаагаа анх хэрхэн олсон бэ?
-Би энэ хавар ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд л шууд гадаад явж их дээд сургуульд суралцана гээд бат итгэчихсэн байсан. Тэгээд чемодантай хувцсаа бэлдээд, явах бэлтгэлээ хангаад байж байтал визэнд маань асуудал гарсан. Визнийхээ асуудлыг зохицуулаад яг явах гэж байтал сургуулиас маань “Бүртгэлээсээ хоцорсон байна. Арванхоёрдугаар сард ирээрэй” гэсэн мэйл ирсэн. Виз хөөцөлдөх, тийз захиалах гээд маш их мөнгө зарлагадсан болохоор хэсэг сэтгэлээр унасан.
Гэсэн ч сургууль руугаа явтлаа юу хийх үү, ямар нэгэн юм хийх ёстой гэж бодсон. Хэдхэн сарын сарын хугацаанд барилга дээр ч юм уу ажиллаж болох л байсан. Гэхдээ шинэ юм эхлүүлээд үзье гэж шийдсэн. Тэгээд нэг өдөр Бөмбөгөр худалдааны төвд юм цуглуулж явж байгаад шагайны хэв харсан. Энэ хэвээр шоколад хийж болох юм байна гэсэн санаа анх төрсөн. 
Санаагаа хэрэгжүүлж, туршиж үзсэн. Тэрийгээ гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ амсуулахад тэдэнд маш их таалагдсан. Мөн байрны үсчин эгч хамгийн эхний захиалгыг өгсөн. Үүнээс урам авч, хуучин ашигладаг байсан фейсбүүк хуудасныхаа нэрийг “ҮЖИН катеринг” болгон өөрчлөн, зар байршуулж эхэлсэн. Гэтэл миний төсөөлснөөс хэд дахин их захиалга орж ирсэн нь надад маш их урам болсон. 
-Дөнгөж ЕБС-иа төгсөж буй хүүхдэд материал цуглуулах мөнгө асуудал болсон байх. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Бизнесээ эхлүүлэх материалын санхүүжилтээ яаж босгох вэ гэж бодож байгаад эмээдээ энэхүү санаагаа хэлсэн. Манай эмээ Солонгост амьдардаг. Намайг ирэхийг хүлээж байсан юм л даа. Эмээгээс “хүү нь эргүүлж өгнө өө” гэж хэлээд 500 мянган төгрөг зээлсэн. Энэ мөнгөөрөө хэв, шоколад, хайрцгаа худалдаж аваад л анх эхэлж байлаа.
-Одоо шоколадаа ганцаараа хийж байна уу?
-Эхлээд цөөхөн захиалга орж ирдэг байхад нь ганцаараа хийдэг байсан. Сүүлдээ захиалгадаа дарагдаж, хүч дутаад эхэлсэн болохоор ээжээрээ туслуулсан. Гэрийнхээ гал тогоонд хийдэг. Одоо бол ээж миний ажилтан болж, гэртээ шоколадаа хийж, би гадуур хүргэлтдээ явж байгаа. 
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу