“Баавгай болох сон” киног Оскарын шилдэг гадаад хэл дээрх кино номинацид нэр дэвшүүлэхийг Кино урлагийн зөвлөлөөс зөвшөөрөөгүй. Улмаар иргэд нэр дэвшүүлэх санал гаргаж, гарын үсэг цуглуулж байсан юм. 

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өчигдөр (2024.09.27) Оскарын кино наадамд өрсөлдүүлэх шийдвэрийг гаргасан билээ. 

Энэ талаар тус киноны зохиолч, найруулагч П.Золжаргал өөрийн цахим хуудастаа дараах тайлбарыг оруулжээ.

Тэрбээр “Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл шийдвэрээ эргэн харж “Баавгай болохсон” киног маань 97 дахь удаагийн Оскарын анхан шатны шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцох киногоор сонголоо.

Улс киногоо сонгосны дараа уран бүтээлч өөрөө мөн төдий хэмжээний өргөдлийн материал бүрдүүлж Академид илгээх үүрэгтэй. Миний дотор одоо ч олон төрлийн сэтгэл хөдлөл, асуулт оршсоор байгаа авч аравдугаар сарын 2-ны дотор Академид киногоо илгээх цаг давчуу ажил чухлын нэгдүгээрт жагсаж байна.

“Баавгай болохсон” киног дэмжин дуугарч, гарын үсэг зурж, дуу хоолой бүрийг минь түгээж хамтдаа байсан хайртай дотнын эрхэм нандин үзэгч, уран бүтээлч, хамтрагч, сэтгүүлч та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Маш их баярлалаа.

Зөвхөн анхан шатны шалгаруулалтын эрх авах гэж ингэж эрч энерги зарцуулна гэж даанч дээ л гэмээр … Гэхдээ энэ бүхнээс нэг зүйлийг сайн ойлгосон байгаасай. Дараа жил Оскарт явах эгэл шаардлагыг хангасан ганцхан Монгол кино ирсэн ч байсан тэр киног Кино Урлагийн Зөвлөл заавал явуулах үүрэгтэй. Тэр киноны сайн байна уу, сайнгүй байна уу тэр та бүхний шийдэх, хянах, цензур тогтоох асуудал биш. Муу кино байвал та бүхэн ажлаа улам хичээн хий. Залуу үедээ итгэ. Өөрсдийн явуулж буй олон сургалт, үйл ажиллагаандаа итгэ. Уран бүтээлч хүн яг үнэндээ муу бүтээл ч хийх эрхтэй юм шүү. Нэг кинотой уран бүтээлчийн хоёр дахь кино орших эсэхийг Кино Урлагийн Зөвлөл биш үзэгч шийддэг байх ёстой юм шүү. Энэ л хамгийн чухал нь” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу