Израилийн дайралтын улмаас Палестины “Хамас” бүлэглэл Ливан дахь удирдагчаа алдсан гэж мэдэгдсэн бол Палестины нэгэн зэвсэгт бүлэглэл Бейрут руу хийсэн цохилтын үеэр гурван удирдагч нь амиа алдсан талаар мэдэгджээ.

Израилийн зэвсэгт хүчин Даваа гаргийн үүрээр нутгийн өмнөд хэсэгт орших Тир хот дахь Палестины дүрвэгсдийн хуаран байсан байшинд цохилт өгөх үеэр “Хамас”-ын Ливан дахь удирдагч Фатех Шериф Абу эль-Амин эхнэр, хүү, охины хамт амиа алдсан байна.

Израиль бүс нутаг дахь Ираны холбоотнуудын эсрэг ажиллагаагаа эрчимжүүлэх үеэр Палестиныг чөлөөлөх ардын фронт (PFLP) “Бейрутын Кола дүүрэгт цохилт өгөх үеэр манай гурван удирдагч амиа алдсан” гэж мэдэгджээ.

Израилийн зэвсэгт хүчин энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Израиль Ливан дахь “Хезболла” бүлэглэл болон Йемен дэх “Хусит” бүлэглэлийн эсрэг дайралтаа улам эрчимжүүлж байгаа нь Ойрхи Дорнодын тэмцэл хяналтаас гарч, Израилийн гол холбоотон Иран болон АНУ-ыг татан оролцуулахад хүргэх вий гэсэн болгоомжлол төрүүлж буй ажээ.

PFLP бол Израилийн эсрэг тэмцэлд оролцож буй зэвсэгт бүлэглэл юм. Израиль өнгөрсөн Ням гарагт Йемен дэх “Хусит” зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгсөн бол өмнө нь “Хезболла”-гийн удирдагчийг устгасны дараа Ливанд “Хезболла”-гийн олон арван объектод цохилт өгчээ.

Йемений Ходейда боомт руу агаараас цохилт өгсний улмаас дор хаяж дөрвөн хүн амь үрэгдэж, 29 хүн шархадсан гэж хуситуудын удирддаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Израилийн тал энхэүү цохилтыг хуситуудын пуужингийн довтолгооны хариу гэж мэдэгджээ.

Ливаны эрх баригчид “Өнгөрсөн Ням гарагт Израилийн агаарын цохилтын улмаас дор хаяж 105 хүн амь үрэгдсэн” гэж мэдэгдсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн яам сүүлийн хоёр долоо хоногт 1000 гаруй ливан иргэн амиа алдаж, 6000 гаруй хүн шархадсан гэж мэдээлсэн ч тэдний хэд нь энгийн иргэд байсан талаар тодорхой мэдээлээгүй байна.

Ливаны Засгийн газар “Нэг сая хүн буюу нийт хүн амын тавны нэг нь гэр орноо орхин дүрвэсэн” гэж мэдэгджээ.

Израиль бөмбөгдөлтөө хоёр долоо хоногийн турш эрчимжүүлж буй бөгөөд түүний улмаас “Хезболла”-гийн удирдагч Сайед Хассан Насралла зэрэг хэд хэдэн дээд албан тушаалтнууд амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу