XX зууны манлай монголч эрдэмтэн Еншөөбү овогт Бямбын Ринчен 1957 онд болсон Монголын зохиолчдын 2-р их хурал дээр “Муу орчуулгын харгайгаар ардынхаа хэлийг эвдэх болно, одоо ч эвдэж байна гэдгийг анхаарууштай” гэж хэлж байжээ. Түүнээс хойш 67 жилийн хугацаанд бид эх сайхан хэлээ хэдийнэ эвдэж, эрлийзжүүлсэн гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ.

Монгол Улсад 1990 оноос өмнө орчуулагчид бүтээлээ олон шат дамжлагаар хянуулсны эцэст хэвлүүлдэг байв. Одоо цагт хэн дуртай нь хүссэнээ орчуулан, хэвлүүлэх эрх чөлөөтэй болсон ч зарим орчуулгын бүтээлүүд найруулга зүй, үг үсгийн алдаанаас эхлээд орчуулгын наад захын шаардлага хангахгүй байгаа нь үнэн.

Орчуулгын тухай олон жилийн турш шүүмжлэл өрнөөгүй. Олзуурхууштай нь, орчуулагчид өчигдөр Төрийн ордонд анхдугаар чуулганаа хийж, орчуулгын чанарыг сайжруулах, шүүмж судлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Алдаа бүхий буруу орчуулга монгол хэлний яруу тансаг найруулга, хэм хэмжээг алдагдуулан эвдэж, эх хэлээрээ ярьж бичихдээ ч хиймэл, зохиомол үг хэллэг хэрэглэн, төрөлх хэлээ үгүй хийхэд хүргэх уршигтай.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан орчуулагчдын анхдугаар чуулганд оролцож, үг хэлэхдээ “Эх хэлийг минь ядууруулж, эх оронч зүрх минь золбиншиж байгаад төр санаа зовж, орчуулагчдын анхдугаар чуулган зохион байгуулж байгаад талархаж байна” хэмээн онцолсон юм.

Тэрбээр “Эх хэлээ хамгаалахын тулд ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, бага ангид хүүхэд алдаагүй, гаргацтай сайхан бичдэг, нэг минутад 120 үг уншдаг байхад л болно. Бүх хүн хэл шинжээч, судлаач болохгүй учир дунд ангид өгүүлбэрийн бүтцээр задалж заадгаа больж, үгсийн сангийн баялгаас эзэмшүүлье.

Монгол хэл дөрвөн сая үгтэй гэдгийг баталчихаад байхад өдөр тутмын сонины материалууд 271 үгэнд эргэлдэж байна. Ахлах ангид үгсээ зөв найруулах ухааныг, уран илтгэх чадварыг заая. Үүний дараа утга зүй, яруу өгүүлэхийн ухааныг зааваас зохилтой. Эх хэлээ хамгаална гэдэг эх орноо, эзэн Чингисийнхээ гал голомтыг хамгаална гэсэн үг” хэмээн хэлсэн.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор, профессор Л.Дашням “Орчуулагчдын тухай ярихдаа голдуу уран зохиолын жаргал, зовлон яриад байдаг. Гэвч энэ нь нийгмийн бүх хүрээг хамарсан, бүх нийтийн анхаарал хүртээл болсон салбар юм.

Эх хэл, өв соёл, уламжлалынхаа талаас орчуулгын бүтээлд анхааралтай хандах ёстой. Монголчууд орчуулгыг дэлхийн хүн ардтай холбогдох гүүр гэдгийг эрт дээр цагаас ойлгож ирсэн. Ганжуур, Данжуур судруудыг орчуулахын тулд манай орчуулгын мэргэд цуглаад, “Мэргэд гарахын орон” бүтээл туурвиж, хэрхэн орчуулах тухай нэр томъёо оноон, харьцуулж, санаагаа нэгтгэж байсан эртний туршлагатай.

Социализмын жилүүдэд Монголд нийтэлж байсан номын 50 гаруй хувь орчуулгын бүтээл байсан. Хожим ганц орос хэлээс бус олон хэлээс орчуулдаг болж, 1960-1970 оны үед орчуулагчдын хүрээг тэлэхийн тулд ГХЯ-ны дипломатуудыг орчуулгын ажилд урьж, уруу татсанаар олон дипломат уран зохиолын орчуулга руу орж байсан.

Сүүлийн үед маш олон ном хэвлэж байна. Ингэхдээ орчуулагч өөрөө орчуулан хянаж, редакторлож, бас борлуулж байна. Ийм үед тухайн хүний гараас ямар бүтээл гарч байгааг мэдэх аргагүй. Иймд залуу орчуулагчдад зориулсан уулзалт семинар хийж, алдаа дутагдлыг нь залруулахад анхаарах хэрэгтэй.

Бүтээлүүдийн чухам юуг нь бид нэн түрүүнд орчуулах, юуг нь хүмүүст хүргэх вэ гэсэн бодлого байхгүй бол хэн хүний сонирхлоор, бизнесийн орчуулга хийгээд байвал хойшид нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь бодууштай асуудалд хүргэнэ” хэмээн онцлов.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй “Орчуулагчийн чанарыг дүгнэх хэцүү. Яагаад гэвэл шүүмж, судалгааны ажил хэрэгтэй болдог. Гэтэл манайд гадаад хэлтэй, шүүмж судлаач ховор. Хоёрдугаарт, орчуулагч шиг хамгийн айхавтар ганцаарчилсан хөдөлмөр байдаггүй.

Ардчиллын буянаар хүн бүр эрх чөлөөтэй болсон. Тиймээс хүн бүр дуртай хэлээ сурч, түүгээрээ хүссэнээрээ ярьж байна. Тэгэхээр орчуулгын чанарыг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй нь гэсэн санаа авахуйц талаасаа энэ чуулган үр өгөөжтэй гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм.

 АНИА БА “ЛАМ ЭГЧ”…

Дэлхийн ихэнх улсад сайн орчуулгын номыг хэвлэлийн компаниуд үнэ хаялцан авч, орчуулагчтай нь гэрээ хийж, редакторлах, олон нийтэд түгээх, маркетинг хийх зэргээр бүх асуудлыг нь хариуцдаг. Энэ нь зах зээлд өрсөлдөөн үүсгэж, чанартай бүтээл хэвлэгдэхэд нөлөөлдөг байна.

Чанартай бүтээл хэвлэгдэн гарахад редактор буюу хянан тохиолдуулагч гол үүрэг гүйцэтгэдэг. Гэвч Монголын хэвлэлийн компаниудад мэргэжлийн редакторын хүний нөөц хомсдсон нь чанаргүй орчуулгын бүтээл гарахад нөлөөлж буйг мэргэжлийнхэн өгүүлсэн. Мөн орчуулгын чанартай бүтээл гарахад орчуулагч нарын үнэлэмж маш чухал үүрэгтэйг ч хэлж байлаа.

МУИС-ийн ОУХНУС-ийн доктор, профессор Б.Энхбаяр одоогоос арван жилийн өмнө (“Орчуулга зүй” Эрдэм шинжилгээний цуврал 2014, №03) илтгэлдээ “Аливаа орчуулга, түүний дотор олон улсын харилцаа, дипломат баримт бичгийн орчуулга тухайн улсын гадаад бодлогын нүүр царай, бусад улс орон, олон улсын байгууллагуудтай харьцах гүүр болдог.

Иймд бичлэг, найруулга, үг сонголт, хэлний хэм хэмжээ, мэдрэмж зэрэг үзүүлэлтүүдийг дээд зэргээр баримталж, туйлын хариуцлагатай, чамбай ажиллахыг орчуулагчдаас шаарддаг.

Дипломат баримт бичгийг боловсруулах болон орчуулахад онцгойлон анхаараагүйгээс алдаа гарвал улс хоорондын харилцаанд ч сөрөг үр дагавар авчрах билээ. Иймд энэ төрлийн баримт бичгийн утга товч тодорхой, үг хэллэг нь элдэв хэтрүүлэггүй, агуулах санаа бүр нь урьд өгүүлснээс урган гарсан, гарцаагүй баримт нотолгоо, үндэслэл, үнэмшилтэй маш хянуур үйлдэгдсэн байх хэрэгтэй.

Түүнээс гадна сэтгэлийн хөдлөл, ундууцлаа шууд илэрхийлэлгүй, туйлын нухацтай боловсруулах шаардлагатай. Харамсалтай нь, орчуулгын алдаа нийгэм, улс төрийн салбар, тэр дундаа олон улсын харилцаатай холбоотой орчуулгад ч гарсаар байгаа юм.

Европ зүгийн, тэр дундаа англи хэлэнд үйл үгийн идэвхгүй хэв зонхилдог бол монгол хэлэнд идэвхтэй хэв зонхилдог. Англи хэлэнд үйлийн эзнийг тодотгох онц шаардлагагүй зөвхөн тухайн үйлдэл үйл явдал хэдийд хаана болсныг өгүүлэх зорилготойгоор болон эсвэл үйлийн эзнийг шууд бус тусагдахууны хэлбэрээр илэрхийлдэг байна. Үүнийг анхаарч орчуулаагүйгээс монгол хлэний найруулга зүйн хувьд тохиромжгүй өгүүлбэр буудаг байна” гэж өгүүлж байв.

Энэ хэлбэрийн алдааг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа телевизүүд түгээмэл гаргаж буй. Тухайлбал, “Киви” хамтлагийн концерт … дүгээр сарын …-ны өдрүүдэд тоглогдоно”, “Ажил зохион байгуулагдлаа” гэх мэтчилэн мэдээлдэг.

Орчуулгын түгээмэл алдаануудын нэг нь үг сонголт. Харь хэлний үгийн утгыг гажуудуулах, сонссон дуулснаараа орчуулах түгээмэл. Жишээ нь, бидний зарим нь өөрөөсөө эгч хүнийг “Аниа” хэмээн дуудаж, бичдэг. Салбарынхан “Эгч” гэсэн утгаар хэлдэг Aa-niang (Аанян) гэсэн хятад үгээс гаралтай”, “Аниа гэдэг авгай гэсэн үг” гэх мэтчилэн тайлбарласан байдаг.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д “Аниа” гэж төрлийн эгчмэд хүнийг дуудах үг хэмээн бичжээ. Гэтэл зарим орчуулагчид хятад хэлэнд лам эмэгтэйг аниа хэмээн дуудаж, бичдэг талаар өгүүлсэн байна.

Энэ мэтчилэн үгийн утга, агуулга оновчгүй, алдаатай, модон бөгөөд чанаргүй орчуулга бүх салбарт түгээмэл. Орчуулга, орчуулагчийн чанарыг сайжруулахын тулд “модон” орчуулгаас эх сайхан монгол хэл рүүгээ зөв, оновчтой буулгаж гэмээнэ түүнийг уншсан үр хойч монголоороо хүмүүжиж өсөх билээ.

“Ай, чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь” хэмээн их эрдэмтэн Б.Ринчен хэлсэн нь бий.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу