УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2024.10.01) хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Улаанбаатарын цагаан байрнаас бүхнийг удирдвал улс орон хөгждөг гэсэн философи суурьтайгаар явж ирсний гороор өнөөдрийн Улаанбаатарын асуудлууд бий болчихлоо. Тиймээс Ардчилсан намын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барихаар хэлэлцлээ. Манай бүлгийн 42 гишүүнээс 14 нь аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Долоон гишүүн аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад, сонгогдож орж ирсэн, зовлон жаргалыг биеэр туулсан хүмүүс байна. Энэ хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

Орон нутагт 26 агентлаг төрийн үйлчилгээг хүргэж байгаагаас 24-ийнх нь удирдлагыг Улаанбаатараас томилдог болчихсон. Томилгоо гэдэг бол ердөө нэг л зүйл. Үүний цаана санхүүгийн эрх мэдэл гэх мэт олон асуудал бий” хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Миний хувьд хоёр удаа Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдож ажилласан. Аймаг, орон нутаг бие даан хөгжих, асуудлаа шийдэхэд тулгамддаг хамгийн том асуудал нь босоо томилгоо юм. Нэг хүнд зориулж яам байгуулдаг, тэр яамны сайд нь өөртөө зориулж аймаг болгонд босоо бүтцийг угсардаг. Энэ байдал жилээс жилд нэмэгдэж байна.  Сүүлийн 20 жилийн турш Улаанбаатар төвтэй Монгол Улсыг эрчимтэйгээр байгуулж байна. Хэнд дэм хэрэгтэй буйг, нутагтаа ямар асуудал шийдвэрлэх ёстой байгааг сум, аймгийн Засаг дарга нь хамгийн сайн мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр аймаг, сумны Засаг дарга гэдэг бол дээрээс хуваарилж ирсэн аймаг, сумынхаа иргэдийн хурлаар оруулан батлуулж, гарын үсэг зурдаг ямар ч эрх мэдэлгүй хүн болчихоод байна. 

Орон нутгийн эрх мэдлийг ингэж авсаар байгаад эцэстээ сумын сургуулийн захирал, жижүүрийг хэн томилохыг Улаанбаатараас шийддэг болчихлоо. Энэ байдал хөдөөгийн хөгжлийг гацааж байгаа хамгийн том чөдөр болоод байна” гэв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу