Өдгөө 71 настай хэдий ч өөрийгөө ялж, эрүүл амьдралын хэв маягийг бий болгосон бүжигчин, ахмад настан А.Борхүүхэнтэй ярилцлаа. 
-Таны нас сүүдэр хэд вэ?
-Би 1953 онд төрсөн. Өдгөө 71 насыг зооглож байна.
-Залуудаа хэр авьяастай байсан бэ?
-Залуудаа урлагийн авьяас байгаагүй. Хөгшрөөд тэтгэвэрт гарсны дараагаас л бүжиг сурч байна. Би залуудаа бүжиглэх байтугай олигтойхон ч хөдөлгөөн хийхгүй ажлын мөр хөөгөөд явчихсан хүн. 
-Хаана, ямар сургууль төгссөн бэ?
-Би Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Сангийн аж ахуйн агрономич 20 гаруй жил хийсэн. Тэгээд сүүлд зах зээлд орсны дараагаар барилгын салбарт 60 нас хүртлээ ажилласан. Ингээд л эрүүл мэндээ бодож хөдөлгөөнтэй янз бүрийн зүйлд хамрагдаж байгаа.
-Хэзээнээс бүжгийн урлагаар хичээллэж эхэлсэн бэ?
-2019 онд ахмадын хөдөлгөөнт гимнастикт орж байсан юм. Түүний дараагаар өнгөрсөн жилээс Сүхбаатар дүүргийн дэргэдэх шугам бүжгийн хамтлагт орсон.
-Үеийнхэнтэйгээ хамт бүжиглэхэд ямар мэдрэмж авдаг вэ?
-Маш гоё бүжиг сурахаас гадна хамт олны уур амьсгал гээд сэтгэлзүйн хувьд маш сайхан байдаг.
-Бүжгээрээ ямар ямар шагнал урамшуулал авч байв?
-2019 оноос Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хөдөлгөөнт гимнастикт явж тэр үед Улсын аварга болж байсан. Тэрнээс хойш хамтлагтайгаа дөрвөн удаа тэмцээнд орсон. Хороодын дундах тэмцээнд түрүүлж байсан.
Мөн Шугам бүжгийн холбооноос талбай дээр зохион байгуулсан тэмцээнд бид багаараа оролцоод түрүүлж байсан. Тэгээд саяхан Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн.
-Танай ахмадын хорооны байр их тохилог харагдаж байна. Энэхүү хороон дээрээ ирэхээр юу хийж өнгөрүүлдэг вэ?
-Эрүүлжүүлэх өрөөндөө дасгалаа хийнэ. Зөвхөн шугам бүжиг хийгээд зогсохгүй эрүүл мэндийн таван цулын дасгал хийдэг. 
Манай ахмадын холбооны Соёл урлаг эрхэлсэн Тунгалаг гээд эмэгтэй байдаг. Тэр хүн биднийг цуглуулж, бүхий л тэмцээн, уралдааны талаар заавар зөвлөгөө өгдөг. Бүгдийг нь л зохицуулдаг. 
-Цаашдаа Ахмадын холбоотойгоо хамтарч ажиллах уу?
-Насныхаа эцэс хүртэл дүүргийнхээ Ахмадын холбоотойгоо хамтарч ажиллана гэж боддог. Манай холбооны Мөнхцэцэг дарга биднийг маш сайн дэмжиж ажилладаг.
-Та хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ?
-Би гурван охинтой. Одоо бүгд тусдаа гарч гэр бүл зохиосон. Манай охид их дэмждэг. Зээ охин намайг мундаг бүжиглэдэг гэж намайг сайшаадаг.
-71 настай гэхэд бие тань их хөнгөн шингэн байна шүү дээ. Амьдралынхаа хэв маягаас хуваалцахгүй юу?
-Би өглөө бүр Японоос гаралтай Гранд гольф тоглодог. Мөн өглөө эрт босож ахмадуудтайгаа цуг өглөө бүхэн дасгал хөдөлгөөн хийдэг. Тэгээд өглөөнийхөө цайг уугаад, өдөр сайн хооллоод, орой бараг юм иддэггүй. Тийм журмаар л би жингээ барьж явдаг. Орой 22 цаг гэж унтаад, өглөө 6 цаг гэж босдог.
-Залуустаа хандаж үг хэлэхгүй юу? Таны нүдээр залуус ямар харагддаг вэ?
-Залуус зөвхөн амьдралаа бодоод эрүүл мэндээ маш их хаясан байдаг. Тийм учраас залуу наснаасаа хөдөлгөөнтэй бай гэж хэлмээр байна. Хөдөлгөөнтэй байх юм бол хүн эрүүл байж болно. Урт насална. Тэрийг л маш сайн ойлгосон.
-Нийт ахмадууддаа хандаж үг хэлэхгүй юу?
-Хөдөлгөөнтэй байгаарай юм юманд хамрагдаж байгаарай. Өөрийгөө битгий голоорой, ач зээдээ битгий ороогдож яваарай, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө явж байгаарай гэж захья. 
-Ярилцсанд баярлалаа. 
Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу