“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр (2024.10.02) боллоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах зорилтоо ахиулсан болохыг дурдав. Тэрбээр мөн Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн аргаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй малчид, иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж буйг онцлолоо.

Монгол Улс бэлчээрийн хомсдолын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай. Нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж буй. Өнгөрсөн оны байдлаар, бэлчээрийн даац 50 хувийн хэтрэлттэй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Малын тоо толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгаа тул мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тогтвортой болгоход УИХ, Засгийн газраас онцгойлон анхаарч, “Шинэ хоршоо хөдөлгөөн-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн цаашид хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох асуудал УИХ-ын бодлогын төвд байж, энэ чиглэлд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах аж.

УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Уламжлалт мал ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,  Малчны тухай хуулийг тус тус баталсан. Хуулиар мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зүй зохистой ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжиж, малын чанар, ашиг шим, түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх цогц арга хэмжээг авсан гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  Б.Бейсен энэ үеэр тэмдэглэв.

Шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт мэдээлэлдээ “Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын цаг агаарын температурын өөрчлөлт 2 дахин их байна. Үүнийг  өнгөрсөн  50 жил болоогүй  зуд, үерийн давтамж, эрсдэлээс тодорхой харж болно. Цөлжилт, бэлчээрийн доройтол, ган зудын давтамж ихэссэн суурь шалтгааныг эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын яамд нарийвчилсан судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай байна гэв. Түүнчлэн Засгийн газраас энэ хүрээнд шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг Шадар сайд дурдаад, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулсан юм.

Форумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Парисын гэрээгээр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд хүлээсэн үүргээ биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмэр”, АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны судалгааны төвийн төлөөлөгч Брандон Бестелмейер, Александр Хеллер нар “Бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хэвийн барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, сэргэн ургах чадавхыг тодорхойлох нь”, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профeссор М.Сувд “Бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг хэрэгжүүлэх, цөлжилтийг бууруулах, сэргийлэхэд хууль эрх зүйн орчны үзүүлэх нөлөө” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Энэ удаагийн форумыг Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулав.

Эх сурвалж: УИХ-ын ХМХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу